Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын дархан цаазат газрын захиргаа сүрэгтээ гологдсон бизоны тугалыг заазалжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Йеллоустоун Үндэсний Хүрээлэнгийн захиргаа сүрэгтээ гологдсон бизоны нялх тугалыг заазлахаас өөр аргагүй болсон тухайгаа мэдэгджээ.

Нэгэн үл таних хүн нялх тугалд гар хүрснээс эх нь болон сүрэг нь дөнгөж төрсөн тугалыг хүлээж авахаас татгалзсан юм байна.

Бямба гарагт бизоны сүрэг Ламар голыг гатлах үеэр тугал хоцорч үлдсэн байжээ.

Энэ үеэр нэг эрэгтэй хүн тугалыг голоос гаргаж, замд оруулсан нь камерт бичигдэж үлдсэн байна.

Хүрээлэнгийн ажилтнууд тугалыг сүрэгт нь буцааж нийлүүлэх гэж олон удаа оролдсон ч бүтээгүй гэнэ.

Гологдсон тугал хүмүүс болон автомашиныг дагаж, осол гарах эрсдэл үүсгэж байсан тул заазлах шийдвэр гаргажээ.

2016 онд Йеллоустоунд бас нэг ийм хэрэг гарч байсан юм байна. Тухайн үед Канадын иргэн хүүгийн хамт сүргээсээ тасарсан тугалыг аврах зорилгоор автомашиндаа ачин тээвэрлэж байжээ.

Үүний улмаас тугал сүрэгтээ гологдож, цаашид амьдрах аргагүй болж байсан гэнэ.

Тугалд гар хүрсэн хүн $235-аар торгуулж, $500-ыг Йеллоустоун Үндэсний Хүрээлэнгийн зэрлэг байгаль хамгаалах санд тушаах шүүхийн шийдвэр гарч байжээ.

Зэрлэг үхэр бизон нь 55 км/цаг хурдалдаг, 900 кг жин хүрдэг аюултай амьтан юм.

Хүрээлэнгийн захиргаа зочилсон хүмүүст бизон, хандгай зэрэг том биетэй амьтдаас 23 метрээс хол зайтай байх шаардлага тавьдаг байна.

Одоо хүрээлэнгийн захиргаа тугалд гар хүрсэн 40-50 орчим насны цагаан арьст эрэгтэйг эрэн сурвалжилж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Associated Press