УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) 2023 оны 5-р сарын 20-ны өдөр “Авлигын хэлхээг задлах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Шангри-Ла Улаанбаатарт зохион байгуулав.
5-р сарын уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Баттөмөрийн Энхбаяр, Азийн Сангийн Улс хариуцсан төлөөлөгч Марк Кэйниг, Транспэрэнси Интернэшнлийн Зөвлөх Дэрэмбазарын Тэгшбаяр, Сант Марал Сангийн Үүсгэн байгуулагч Лувсандэндэвийн Сумати нар панелистаар оролцож, АмЧам Монголын Гүйцэтгэх захирал Оюунгэрэлийн Адьяа ажиллав. Хэлэлцүүлгээр бизнесийн орчинд тулгарч буй авлигатай холбоотой бэрхшээлүүд, төрөөс авлигыг бууруулахад авч хэрэгжүүлж буй хөтөлбөр, олон нийтийг соён гэгээрүүлэх ажил зэрэг дэд сэдвүүдийн талаар ярилцлаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Авлигатай холбоотой сайн, муу олон зүйл яригдаж байгааг нуухыг хүсээгүй. Харин ч УИХ, ЗГ өөрөө улс төрийн манлайлал үзүүлж, ил тод гаргаж тавьж байгаа. Энэ ондоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан сонгууль, улс төрийн нам, төрийн өмчийн болон төрийн өмчит компанийн эрх зүйн шинэтгэл хийнэ” гэж хэлэв.
Азийн Сангийн төлөөлөгч Марк Кэйниг “Манай байгууллага Монголд үйл ажиллагаа явуулдаг олон худалдааны танхимуудтай хамтран ажиллаж, тэдний гишүүд буюу бизнес эрхлэгч нарын ёс зүйн дүрэм боловсруулах, төрийн байгууллагатай ажиллах ёс зүйн хэм хэмжээтэй байх талаар сургалт зохион байгуулж, нөлөөллийн ажил хийж ирсэн” хэмээв.
Сант Марал Сангийн Үүсгэн байгуулагч Л.Сумати хэлэхдээ “Монгол Улсад авлигын асуудал олон жилийн турш олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Гэвч сүүлийн үед системийн хямрал гүнзгийрч буйтай уялдаж байгаа учраас авлигыг амархан эмчлэх арга байхгүй болсон. Энэ хямрал нь төрийн институцэд найдах иргэдийн итгэл буурч байгаатай холбоотой юм” гэж онцлов. Харин Транспэрэнси Интернэшнл байгууллагын зөвлөх Д. Тэгшбаяр “Авлига нь өргөн цар хүрээтэй бөгөөд улс орны эдийн засгийн ерөнхий үзүүлэлт, хөрөнгө оруулалтын боломж, төсөв, тэр ч байтугай инфляцын удирдлагаас эхлээд төрийн хяналт, тэнцвэрт байдлаас гадна бодлогын янз бүрийн салбарт нөлөөлдөг” болохыг тэмдэглэв.
Хэлэлцүүлгийн төгсгөлд АмЧам Монголын шинэ гишүүн Грандмед Эмнэлэг ХХК, Интермэд Эмнэлэг ХХК, Лоринет Сан, Икс-Мета ХХК-ийн төлөөлөгч нарт баяр хүргэж, шинэ гишүүнчлэлийн өргөмжлөл гардуулав.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!