Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Оросыг “сүүлчийн эзлэн түрэмгийлэгч” болгохыг Зеленский их гүрнүүдэд уриаллаа

Т.Давааням, ikon.mn
2023 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Японы Хирошима хотод “Их Долоо” бүлгэмийн дээд чуулганд оролцсон Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр буюу Ням гарагт сэтгүүлчидтэй уулзжээ.

Энэ үеэр тэр Оросыг “сүүлчийн эзлэн түрэмгийлэгч” болгон түүхэнд үлдээх замаар дэлхий дахинд энх тайван тогтоохыг аж үйлдвэржсэн долоон гүрний удирдагчдад уриалсан байна.

“Бид бусад болзошгүй түрэмгийлэгчдийг мохоох болно. Дэлхий нийт энх тайвны төлөө шийдэмгий зогсож байгааг харсан тэд дайн эхлүүлэх нь ямар утгагүй зүйл болохыг ухаарах болно” гэж Зеленский хэлжээ.

Энэ удаагийн уулзалтаар өрнөдийн холбоотнууд ОХУ-д үзүүлэх дарамт шахалтаа чангаруулж, Украинд урт хугацааны турш дэмжих туслахаа амласан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден уулзалтын үеэр Украинд $375 саяын зэр зэвсгийн шинэ тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Бас F-16 сөнөөгч нисэх онгоцны нисгэгчдийг Украинд бэлдэж өгөхөө амласан юм.

Энэ үеэр АНУ-ын засаг захиргаа Оросын 22 хувь хүн, 104 байгууллагыг эдийн засгийн хоригоор шийтгэсэн бол Их Британи улсын засгийн газар Оросын алмаас эрдэнэ, зэс, хөнгөн цагаан, никелийн импортыг хориглох шийдвэрээ зарлажээ.

Европын Холбоо одоо 11 дэх удаагийн хориг арга хэмжээний төлөвлөгөөгөө хэлэлцэж байгаа юм.

Бямба гарагт Оросын хувийн зэвсэгт хүчний Вагнер компанийн тэргүүн Бахмут хотыг бүрэн хяналтдаа оруулсныг зарласан билээ.

Украины албаныхан үүнийг няцааж, хотын зарим хэсэг зэвсэгт хүчнийх нь хяналтад байгааг мэдээлсэн юм.

Өчигдөр сэтгүүлчид энэ талаар асуухад Зеленский “Тэд хотыг бүхэлд нь сүйтгэсэн. Одоо Бахмут зөвхөн бидний зүрх сэтгэлд байгаа. Тэнд юу ч үлдээгүй” гэж хариулжээ.

Ням гарагт гаргасан мэдэгдэлдээ ОХУ-ын батлан хамгаалах яам “Вагнерын ангиудын довтолгоо, манай армийн Өмнөд бүлэглэлийн их буу, нисэх хүчний дэмжлэгтэйгээр Артёмовск хотыг чөлөөлж дууслаа” гэсэн байна.

Бахмутыг эзлэх тулаанд амжилттай байлдсан Вагнерын болон үндсэн армийн цэргүүдэд ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэсэн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

“Өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны үд дундад Бахмут хотыг бүрэн хяналтдаа авлаа. Тавдугаар сарын 25 гэхэд бид Бахмутыг бүрэн шалгаж дуусгаад хамгаалалтын байрлалуудыг армид хүлээлгэн өгөх болно. Бид өөрийн хээрийн бааз руу шилжинэ” гэж Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин өнгөрсөн Бямба гарагт сошиал сувгаараа мэдэгдсэн юм.

Арван сар орчим хугацаанд ширүүн тулааны талбар болсон Донецк мужийн жижиг хот Бахмут нь Украины дайны хамгийн халуун цэг болоод байгаа. Энд дайтагч талуудын аль аль нь асар их хэмжээний хохирол амссан гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: Aljazeera