ЕБС-ын багш нарын гүйцэтгэлийн түвшнийг тогтоох зорилготойгоор энэ сарын 16-ны өдрөөс эхлэн орон даяар 30,000 гаруй багш нарт ажлын гүйцэтгэлийн үнэлгээг asuulga.eec.mn сайтаар хийж эхлээд байгаа билээ.
Харин иргэдийн зүгээс багшийн гүйцэтгэлийн үнэлгээг тогтоох асуулгуудыг "ойлгомжгүй, төөрөгдүүлсэн бүрэн үнэлж чадахааргүй" зэргээр шүүмжлээд байгаа юм. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн гүйцэтгэлийн үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Оюунбилэг "Бидний боловсруулсан үнэлгээний асуулгууд нь ерөнхий боловсролын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бичиг баримтууд дээр үндэслэгдсэн.
Жишээ нь багшийн ёс зүйн тухай заалт болон сургуулийн орчин дахь стандартууд хэр мөрдөгдөж байгааг үнэлэх зорилготой юм. Мөн сургалтын хөтөлбөрүүд дээр заасан хүүхдийн багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх чадвар зэрэг нь амьдрал дээр хэрхэн хэрэгжиж буй зэрэг сургууль дээр багшийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, тэдгээрийн үнэ цэнтэй холбоотой асуултууд байгаа.
Асуултуудыг асуулгын судалгааны арга зүйн түгжих, батлах, нотлох аргаар боловсруулсан. Жишээ нь нэг асуулт асуусны дараа түүнд үнэн зөв хариулсан байна уу үгүй юу гэдгийг хэд хэдэн асуулт алгассаны дараагаар дахиж өөрөөр асуудаг. Өөрөөр хэлбэл адил утгатай хоёр асуултын эхнийхэд нь нэг хариулт өгөөд дараагийнх дээрээ өөрөөр хариулчихсан байвал тэр нь бодит үнэлэлт болж чадахгүй гэсэн үг" гэлээ.
Өнгөрсөн жилийн тухайд 29,324 багшид 1,3 сая хүн үнэлгээ хийсэн бөгөөд хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу I түвшний 947 багш байсан бол V, VI түвшний 17,000 багш байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!