Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМГЭНЭЛ: Мажигийн Амаржаргал (1959-2023)

ikon.mn
2023 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Мажигийн АМАРЖАРГАЛ

(1959-2023)

МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН НЭГЭН ТОД ОД ТЭНГЭРТ ХАРВАЛАА! 

Барилгын зураг төслийн “МАРСКОНСТРАКШН” ХХК-ийн үүсгэн байгуулагч, “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн Барилга бүтээцийн зөвлөх инженер, Монгол улсын зөвлөх инженер, зөвлөх архитектор  М.Амаржаргал зуурдаар таалал төгсөж Монгол улсын Барилга, барилгын зураг төслийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. 

М.Амаржаргал нь Монгол улсын Орчин цагийн барилгын зураг төслийн салбарын конструктор инженерийн шилдэг төлөөлөгч байлаа. Тэр бээр 1959 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд сэхээтэн айлын гэр бүлд мэндэлж 1983 онд хуучнаар ЗХУ-д Политехникийн дээд сургуулийг Барилгын инженер конструктор мэргэжлээр, 2001 онд ШУТИС-ийг архитектур мэргэжлээр тус тус төгссөн.

М.Амаржаргал нь 1983 онд УБЗТИ-ийн харьяа Баянхонгор аймгийн Барилгын Зураг Төслийн Товчооноос ажлын гараагаа эхэлжээ. Инженер геологийн төвөгтэй нөхцөл бүхий Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгуудын нутаг дэвсгэрт зураг төсөл боловсруулан инженерийн ур чадвар, туршлагаа нэмэгдүүлж улмаар 1991-2002 онд хувийн хэвшлийн байгууллагуудад Барилгын зураг төслийн инженер мэргэжлээр барилгын зураг төслийн салбарт тасралтгүй 40 жил ажиллаж 500 гаруй барилгын зураг төслийн бүтээцийн тооцоо, шийдлийг бие даан боловсруулжээ.

2003 оноос одоог хүртэл Барилгын зураг төслийн “Марс констракшн” ХХК-ийн Ерөнхий захирлаар, 2010 оноос “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-д Барилга бүтээцийн зөвлөх инженерээр ажиллаж орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын тооцоо, бүтээцийн шийдлийг /ЛИРА 9,6Про; МОНОМАХ 4,5Про, STARKES 2011, ПРУСК 2.0, Металл 3.2, Спин 2.4, ЛИРА САПР 2021/ программуудыг нэвтрүүлэн боловсруулж, мэргэжил нэгт залуучууд, нөхдөдөө зөвлөн чиглүүлдэг, барилгын зураг төслийн байгууллага, зураг төслийн ажлын менежмент, архитектор зэрэг ажлын туршлагыг хуримтлуулсан нэгэн байлаа.

Улаанбаатар хотын анхны 16 давхар цутгамал төмөр бетон каркас барилгын бүтээцийн тооцоо, шийдлийг боловсруулан 2010 оноос шинээр батлагдсан “Өндөр барилгын төлөвлөлт” БНбД 31-17-10 нормоор өндөр барилгын төлөвлөлт, хийцийн тооцоо, бүтээцийн болон инженерийн техникийн шийдэл, буурь хөрсний инженер геологийн судалгаа зэрэгт тавигдах шаардлагуудыг хангуулах, 16-аас дээш давхар өндөр барилгын бүтээцийн тооцоо, зураг төслийг дотоодын компаниуд бие даан боловсруулах туршлагыг  барилгын зураг төслийн салбарт нэвтрүүлэхэд мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж зоримог шийдэл гаргасан хөдөлмөрч конструктор инженер байсан.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтууд болох “Эко констракшн” ХХК-ийн “Маршал таун” орон сууцны цогцолбор, “Кинг тауэр” орон сууцны цогцолбор, “МН тауэр” үйлчилгээтэй, оффис 20 давхар, “Эко тауэр” үйлчилгээтэй, оффисын 51 давхар, “Индустр” ХХК-ийн “Соёмбот өргөө” үйлчилгээ, оффис, орон сууцны 30 давхар, Монгол улсын их сургуулийн “Е-номын сан”, “Максконстракшн” ХХК-ийн “220к” хотхон 17 давхар, “Герман монгол пропертиз” ХХК-ийн Аялал жуулчлал, сургалт, мэдээлэл, худалдаа үйлчилгээний нэгдсэн цогцолбор 20 давхар, “Фор сийзн гарден” ХХК-ийн “Альфа зон” үйлчилгээтэй орон сууцны цогцолбор 23 давхар, “Таванбогд пропертиз” ХХК-ийн “Гэрлүг виста” үйлчилгээтэй, орон сууцны цогцолбор 23 давхар, “Мишээл лайф стайл” ХХК-ийн “Мишээл сити” үйлчилгээтэй, контор 20 давхар, “Од театр” ХХК-ийн “Интрнэйшнл бизнес тауэр” үйлчилгээтэй, контор 25 давхар зэрэг барилгуудын бүтээцийн тооцоо, зураг төслийг боловсруулжээ.

Зөвлөх инженер М. Амаржаргалын маань барилгын зураг төслийн залгамж халаа залуу инженерүүдийг сургах, дадлагажуулах, зөвлөн чиглүүлэх замаар өөрийн туршлагыг хуваалцан халамжилж бүтээцийн тооцоо, шийдлийг боловсруулахад нь дэмжлэг үзүүлэн хөгжүүлсэн нь олон залуусыг Бүтээцийн тооцооны инженер мэргэжлээр ажиллах хүсэл эрмэлзлийг бэлэглэж ирсэн билээ. 

Тэр бээр Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй Монголын барилгын инженерүүдийн холбоо ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж салбарын хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, техникийн баримт бичиг, норм ба дүрэм, стандартчиллыг боловсронгуй болгох зэрэг Барилгын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж иржээ.

Түүнийг Барилга, барилгын зураг төслийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарын стандарт, норм норматив, техникийн баримт бичгийг олон улсын жишигт хүргэх замаар барилгын салбарт орчин үеийн техник, технологи, программ нэвтрүүлж, өндөр бүтээл, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд үр бүтээл гарган ажилласан зүтгэлийг төр, засгаас үнэлж,

2000 онд Монголын архитекторуудын эвлэлийн нэрэмжит шагнал
2003 онд Тэргүүний барилгачин
2004 онд МоАХ-ны дээд шагнал Эрх чөлөөний одон
2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль
2014 онд Алтангадас одон
2016 онд Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимын Шилдэг барилга
2016 онд Барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн Хүндэт тэмдэг
2018 онд Монголын архитекторуудын эвлэлийн шилдэг бүтээл
2017 онд МҮХАҮТ-ын Интрепренершип Скиннед шагнал
2019 онд Хөдөлмөрийн гавьяат улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.

Зөвлөх инженер М. Амаржаргал нь барилгын зураг төслийн салбартаа манлайлагч, хамт олныхоо зөвлөн чиглүүлэгч, итгэлт хамтрагч, залуу үеийг сурган хүмүүжүүлэгч барилгын зураг төслийн салбарын нэгэн Тод од нь байлаа.

Таны маань бүтээн сүндэрлэсэн олон олон бүтээл бид бүгдээс гадна таныг хүндэлдэг, хамтран ажилладаг хамтрагч хүн бүхний сэтгэл зүрхэнд хоногшин үлдэж, бидэнд нөхөж баршгүй их орон зайг үлдээлээ.

Таныхаа найрсаг, нөхөрсөг, бусдыг гэх хүнлэг сэтгэл, үргэлж шинийг суралцаж, бусдад хуваалцдаг эгэл даруу хөдөлмөрч зан чанарыг бид бүхэн зүрх сэтгэлдээ үүрд хоногшин үлдээх болно.

Гэр бүл, үр хүүхэд, ах дүү төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье!

Үргэлж завгүй явсан та минь тэнгэрийн орондоо тайван нойрсдоо, таныхаа өмнө мэхийе!

Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн
“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК болон
“МАРСКОНСТРАКШН” ХХК-ийн хамт олон