Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Мөнхбат: Зээлийн хорооны шийдвэр хурлын зааланд гардаг, цаас бариад өрөө дамжаад гүйгээд байдаг зүйл байхгүй

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 5 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Өнөөдрийн "Хөгжлийн Банк"-ны шүүх хуралдаанаар яллагдагчдаас прокурор, өмгөөлөгч, асуулт асууж, хариулт авч байна. 

Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатаас улсын яллагч “Өнгөрсөн долоо  хоногт шүүгдэгч М.Золжаргал таныг өөрөөр нь хүчээр гарын үсэг зуруулсан гэх мэдүүлгийг өгсөн. Өмнө нь мөн үүнтэй адил мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчид өгсөн байдаг. Ийм зүйл болсон юм уу?” хэмээн асуулаа.

М.Золжаргал нь Хөгжлийн Банкны хуулийн хэлтсийн захирал асан юм.

Тус асуултын хариуд Н.Мөнхбат “М.Золжаргал нь өмнө нь яллагдагчаар татагдахдаа “Би тухайн үед зээлийн хорооны хурал дээр олонхын саналаа дагаад өөрийнхөө саналыг өгсөн” гэж мэдүүлсэн байдаг. Золжаргалын шүүх танхимд өөрчилж өгсөн тэр мэдүүлгийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Тэр өдрийн зээлийн хорооны хурлын аудио протокол байгаа. Зээлийн хорооны шийдвэр хурлын зааланд гардаг болохоос цаас бариад өрөөнөөс өрөө дамжаад гүйгээд гарын үсэг зураад байдаг зүйл байхгүй” гэлээ.

Улсын яллагч: Шүүгдэгч М.Золжаргал таныг гүтгэх өш хонзонгийн зүйл байгаа юу?

Н.Мөнхбат: Тухайн өдрийн зээлийн хорооны хурал дээр зээлийг олонх дэмжсэн байдаг. М.Золжаргал тухайн хурал дээр татгалзах санал өгсөн ч зээлийн шийдвэр олонхын саналаараа гараад л явах байсан. Надтай ямар нэгэн өш хонзонгийн асуудал байхгүй гэж бодож байна” гэлээ.

Үргэлжлүүлэн Хөгжлийн Банкны өмгөөлөгч прокурорын яллах дүгнэлтэд 2014-2017 оны хооронд долоон удаагийн санхүүжилтээр нийт 22 сая ам.долларыг “Бэрэн групп”-ын дансанд шилжүүлж эдийн засгийн давуу байдал олгосон гэсний дагуу түүнийг хэдэн онд ажлаа хүлээлгэж өгсөн, хэдэн удаагийн зээл олгосон, эрсдэлийн түвшин нь ямар хэмжээнд байсан. Түүнийгээ удирдаж чадаж байсан эсэхийг асуув.

Хариуд нь тэрбээр “Гүйцэтгэх захиралд бие дааж зээл олгох эрх байхгүй. Түүнийхээ хүрээнд л би ажиллаж байсан. 2017 он хүртэл буюу намайг ажлаас гарсны дараа олгосон зээлийн гүйлгээнүүдэд намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг олгоогүй зээл буюу нийт 22 сая ам.долларын зээлд буруутгаж байна. Бид ажиллаж байх хугацаандаа 17.6 сая долларын зээлийг л олгосон. Тухайн үед тус компанийн барьцаа хөрөнгө нь эрсдэлийг бүрэн хангах хэмжээнийх байсан. Тэр тохиолдолдоо байсан бол бид хангалттай эрсдэлээ удирдсан байгаа. Гэтэл түүнээс хойш олон зээл болоод сунжирчихсан байна” гэв.