Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Батлут: Туслах малчид ажил олгогчтойгоо гэрээ байгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлүүлэх боломжтой

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 5 сарын 2
iKon.MN
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг УИХ-аар эцэслэн баталсан. 

Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Батлут "Малчид, тариаланчдын өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, ирээдүйд гарч болох эрсдэлээс сэргийлэх, аливаа үйлчилгээнд хамрагдах боломжийг нээх зорилгоор уг хуулийн төслийг санаачилсан. 

Одоогийн байдлаар 305,000 орчим малчин байгаа нь нийт ажиллах хүчний 1/4 хувийг эзэлж байна. Эрэгтэй малчдын 33 хувь, эмэгтэй малчдын 38 хувь нь нийгмийн даатгал төлдөг. 25 хүртэлх насны залуу малчдын 82 хувь нь нийгмийн даатгал төлдөггүй гэх судалгаа бий. 

Өөрөөр хэлбэл, нийт малчны 35.2 хувь нь буюу 107,000 нь нийгмийн даатгал, 59.5 хувь нь эрүүл мэндийн даатгал төлж байна. 

Эрсдэлтэй нөхцөл үүсэхэд бэлэн байх зорилгоор малчид, тариаланчдад төрөөс олгох урамшууллаас өөрсдийнх нь зөвшөөрлөөр эрүүл мэндийн болон нийгмийн даатгал суутган төлүүлэхээр боллоо" хэмээв.

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газрын судалгаанд "Малчид жилдээ дөрөв орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг ч 17-18 тэрбум төгрөгийн үйлчилгээ авдаг" гэдгийг тусгажээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Жилд хоёр удаа төлөх боломжийг бүрдүүлнэ. Төрөөс малчдад ноос ноолуур, арьс шир, сүү, улаанбуудайн гэсэн дөрвөн төрлийн урамшуулал олгож байгаа. 

Малчдад: 

  • 2020 онд 46,828,000 малчинд 19.4 тэрбум төгрөг,
  • 2021 онд 91,977,000 малчинд  31.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. 

Тариаланчдад: 

  • 2020 онд 797 иргэн, аж ахуйн нэгжид 22.4 тэрбум төгрөг,
  • 2021 онд 767 иргэн, аж ахуйн нэгжид 22.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон. 

Туслах малчны хувьд ажил олгогч малчинтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийхээ дагуу эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалаа төлүүлэх боломжтой" хэмээн мэдээлэв.