ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Болд: Хүмүүсийн шүүмжлэлийг хүлээн авч, Шопений хөшөөн дэх алдааг тэр даруйд нь зассан

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Хувийн архиваас

Энэ долоо хоногт БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда манай оронд төрийн айлчлал амжилттай хийгээд буцлаа.

Айлчлалын өмнөх өдөр нийгмийн сүлжээнд нэгэн сэдвээр шуугьсан нь нийслэлд боссон Ф.Шопений хөшөөний тухай байв. Үүнтэй холбогдуулан иргэн Р.Болдтой ярилцлаа.

-Энэ цалин цагаан гантиг чулуун хөшөөг Та босгосон юм уу?

-Тийм ээ. Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Хан хиллс хотхон хүртэлх хагас километр гудамжийг дэлхийн энтэй хөгжмийн зохиолч Фредерик Шопений алдраар нэрлэсэн.

Харин уг гудамжны эхэнд Польшийн суут хөгжмийн зохиолчийн гантиг хөшөөг бүтээх санаачилгыг миний бие гаргаж дэмжлэг авсан. Би Польш улсад боловсрол эзэмшсэн хүний хувьд польшийн эрдэмтэн багш, анд нөхдийнхөө ач тусыг санаж энэхүү цалин цагаан хөшөөг сүндэрлүүлсэн юм аа.

-Хөшөөний ар талд сийлсэн хөгжмийн ноот алдаатай байсан хэмээн нийгмийн сүлжээнд нэлээд хүн шүүмжилсэн. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?

-Хөгжмийн урлагийн нарийн ширийнийг мэддэг хүмүүсийн шүүмжлэлийг хүлээн авч алдааг тэр даруйд нь зассан. "Youtube" платформ дээр байгаа алдаанаас үүдэж бид гэнэдсэн байсан. Энэ тухайд танай iKon.mn сайтад учрыг олж тодорхой бичсэнд талархаж байгаагаа илэрхийлье. Харин одоо манай шүүмжлэгчид "Youtube"-д олон жил байршиж байгаа энэхүү алдааг засуулах талаар НҮБ, ЮНЕСКО-д хандаж зогсолтгүй тууштай хөөцөлдвөл зохилтой.

-Нийслэлийн орлогч дарга хөшөөг бидэнд хамаагүй гэх утгатай мэдэгдэл гаргасан байсан?

-Бушуу туулай борвиндоо баастай гэдэгтэй төстэй явдал болсон. Эрхэм дарга “Хөшөөний хувьд Польшийн ЭСЯ талаас бэлтгэсэн тул гомдож, уурлах тал дээр санаа зоволтгүй байх“ гэж олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн. Уул нь монголчууд энэ асуудалд санаа зовоод хэрэггүй гэсэн утгаар жиргэсэн юм билээ. Харин жиргээндээ гадаад улсын ЭСЯ-ыг дурдсан нь алдаа болсон.

Төрийн хүн ийм адгуу байх нь зохимжгүй, тэр тусмаа гадаад асуудлаар. Залуу дарга маань цаашид анхаарах биз ээ.

-Уг бүтээлийг Польшийн нийслэл Варшав хотноо байх хөшөөтэй адилхан болсон гэсэн шүүмжлэл нэлээд явсан?

-Суут хөгжмийн зохиолчийн эх орон нь дэмжсэн ажлыг буруутгах нь бараг л илүүц, утгагүй юм. Асуудлыг өргөн хүрээнд хардаг хүмүүс энэхүү ажлыг буруутгаж, муу үгээр нүдэхгүй болов уу.

Ф.Шопений иймэрхүү хэв маягтай хөшөө Европ, хойд болон өмнөд Америкт байгаа. Харин Ази тивд Ф.Шопений дурсгал анх удаа бослоо. Польшийн төлөө монголчуудын хийсэн бодитой ганц ажил. Ер нь бид чинь гадаадынхнаас байнга л гуйдаг, өөрсдөө юм хийж өгөх нь ховор шүү дээ. Польшуудын хувьд манайхан шиг "Бидний бүтээлийг хуулбарлалаа, хулгайллаа, тэр этгээдийг шоронд хий" гээд цамнаад, сүржигнээд байдаггүй. Түүний оронд Польш хүнийг алдаршуулах нь нэн чухал хэмээн үздэг юм билээ.

Ташрамд дурдахад, өнгөрсөн зууны далаад онд Польш улсад тоо сурах гэж очоод толгой нь тос багатай байсан учраас сургуулиасаа хөөгдсөн нэг хүн нийгмийн сүлжээнд залуусыг баахан үймүүлсэн байна лээ. Хүн өтлөөд ирэхлээр нүд, сэтгэл нь хорсдог юм болов уу даа, хөөрхий.

-Олон нийтийн сүлжээнд уг хөшөөг нураах талаар ч яригдсан шүү?

-Урьд нь Андлалын гэх хөшөөг нурааж сүйтгэсэндээ эрдээд ийм зүйл эрээчсэн байх. Андлалын хөшөөг улсын төсвийн мөнгөөр барьсан байдаг. Улсын мөнгө уйлдаггүй юм. Тэгэхээр нураагаад сүйтгээд байж болох л байх. Харин Шопений хөшөөг хувийн хөрөнгөөр босгосон. Тиймээс нурааж сүйтгэх гэж байгаа бол хохирол барагдуулах мөнгөө бэлэн болгочхоод сүйтгээрэй гэж зөвлөх байна.

-Шопений хөшөөг босгоход хэдэн төгрөгийн зардал гарсан бэ?

-Андлалын хөшөө шиг тэрбумын зардал гараагүй ээ. Гэхдээ л олон арван сая төгрөг зарцуулсан. Миний бодлоор уран бүтээл, хүний хөдөлмөрийг сүйтгэх бус харин ойр орчмынх нь жаахан газрыг зохих түвшинд тохижуулах шаардлагатай байгаа юм. Хотын удирдлагууд үүнийг анхаарах биз ээ.

Эцэст хэлэхэд өвлийн тэсгим хүйтэнд суут хөгжмийн зохиолчийн дүрийг урласан "Үүдэн чулуу" компанийн уран гартнуудад талархсанаа илэрхийлье. Олон нийтийн сүлжээгээр мууллаа, буруутгалаа гээд бүү шантар, бүү гутраарай.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ЗӨВ, ГОЁ
21
Зураг
ХАХА
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
50 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг