Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Барилга, хот байгуулалтын салбарын мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлж, үнэлгээг өсгөх шаардлагатай"

ikon.mn
2023 оны 4 сарын 28
iKon.MN

Монгол Улсын хэмжээнд барилгын салбарын хүний нөөц хомсдож, энэ төрлийн мэргэжлийг сонгон суралцагчдын тоо жил ирэх тусам буурч, 2024 он гэхэд дотоодын их, дээд сургуулийг төгсөгчид нь барилгын зах зээлийн хүний нөөцийн эрэлтийн 25 хувийг л хангахаар үзүүлэлт гарсан байна. Том зургаар нь авч үзвэл барилга, хот байгуулалтын салбарын мэргэшсэн инженер, ажилчдын ур чадвар, мэргэшсэн байдал салбарын хөгжил, чанартай шууд холбогдоно. Стандарт, норматив, дүрэмд нийцсэн чанартай барилга иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй шууд холбогдох бөгөөд барилгын чанарын асуудал нь үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой болохыг 2023 онд Турк, Сирид болсон газар хөдлөлт харуулсан билээ.

Барилга, хот байгуулалтын салбарын ажиллах нөөцийн чадвар, залгамж халааг бэлтгэх, барилгын чанарыг сайжруулах асуудалд төр, хөрөнгө оруулагч хувийн хэвшил, барилга, хот байгуулалтын салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, төлөвлөгч болон гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо чухал тул салбарын тулгамдсан асуудлуудыг нийгмийн түвшинд харж, шийдвэрлэх гарцыг төр, хувийн хэвшил хамтран эрэлхийлж, зайлшгүй хөндөх шаардлагатай байна.

Монгол Улсын Их Хурал 2021 оны 07-р сард “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, уг хуульд 2050 он гэхэд дагуул хотуудыг байгуулж, хүн амын нягтаршлыг тархаахаар тусгасан. Дагуул хотуудыг байгуулахдаа хүчин төгөлдөр хууль тогтоомж, барилгын дүрэм, норматив, зураг төслийн стандартыг чанд мөрдөж, сайн төлөвлөлттэй байхаар заасан бөгөөд ирэх 30 жилд тус салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг өсгөж, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх  нэн тэргүүний зорилт тулгарчээ.

Монголд барилгын зураг төсөл зохиох үнэлгээ олон улсын түвшнээс илт доогуур байгаа нь салбарын цалин хөлсний хэмжээ, хүний нөөцийн хүртээмжтэй байдалд шууд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлийн нэг юм. Энэ мэт шалтгаанаас барилгын салбарын хөдөлмөрийн цалин, хөлсний хэмжээнд бодитой өсөлт гарахгүй энэ төрлийн мэргэжлийг сонгон суралцагчдын тоо жилээс жилд буурч, залуусыг үнэлгээ багатай салбарт ажиллах сонирхолгүй болгож байгааг барилга, хот байгуулалтын 2022 оны хүний нөөцийн эргэлтийн судалгаанаас харж болно. Тухайлбал, сантехникийн инженерийн эрэлт 95 байхад 2023 онд төгсөгч байхгүй, ус хангамжийн инженерийн эрэлт 59 байхад 16 төгсөгч ажлын байранд гарахаас илт харагдана.

Цаашид энэ салбарын үнэлгээний асуудлыг төрөөс уян хатан зохицуулж, хот төлөвлөлт, барилгын зураг төслийн аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн ур чадвар, мэдлэг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллавал төрийн бодлогын баримт бичиг нь хөрсөн дээрээ зөв зүйтэй хэрэгжих суурь болох юм.

Барилга, хот байгуулалтын салбарын мэргэжлийн боловсон хүчний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд цалин хөлсний системийг шинэчлэх, хот төлөвлөлт, барилгын зураг төслийн аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг дэмжих цогц бодлогыг хэрэгжүүлэх нь чухал юм.  

Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2022 оны 4-р улирлын мэдээллээр аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин хөлсний хэмжээг харуулбал:

зураг
 
Эх сурвалж: ҮСХ, www.1212.mn

Түүнчлэн, барилга, хот төлөвлөлтийн салбарт ажиллагчдын сарын дундаж цалинг сүүлийн 4 жилээр авч үзвэл улсын дунджаас бага байгаа нь доорх графикаас харагдана: 

зураг
 
Эх сурвалж: ҮСХ, www.1212.mn

2023 оны 4-р сарын эхний хагаст www.zangia.mn ажлын байрны нэгдсэн зарын веб сайтад нийтлэгдсэн барилгын салбарын нээлттэй ажлын байр, цалин, хөлсний зарыг шүүж үзэхэд мэргэжлийн ангиллаар цалингийн хэлбэлзэл доор үзүүлсэн байдалтай байна:

Ажил, мэргэжил

Нийт зарлагдсан ажлын байрны тоо (04.01-04.19)

Цалингийн хэлбэлзэл (₮)

Тайлбар

  1.  

Архитектор/зургийн инженер

37

1,200,000-2,100,000

Туршлага, ур чадвараас хамаарсан

  1.  

Цахилгааны инженер

123

1,500,000-3,000,000

Хяналтын цахилгааны инженерийн цалин нь хамгийн өндөр

  1.  

Холбоо дохиоллын инженер/холбоо дохиоллын зургийн инженер

13

1,200,000-3,000,000

Томоохон хэмжээтэй  цогцолбор барилгын болон өөр ажил хавсран гүйцэтгэх холбоо дохиоллын инженерийн цалин хамгийн өндөр

  1.  

Дулаан хангамжийн инженер

5

1,200,000-2,500,000

Туршлага, ур чадвараас хамаарсан

  1.  

Барилгын усан хангамжийн инженер

0

Утга олдоогүй

Утга олдоогүй

  1.  

Барилгын менежментийн инженер/Захиалагчийн хяналтын инженер

9

2,100,000-2,500,000

Хэлбэлзэл багатай

  1.  

Сантехникийн инженер

33

1,200,000-4,000,000

Ажиллах салбарын онцлогоос хамаарч цалингийн хэмжээ  хэлбэлзэлтэй

  1.  

Барилгын инженер/талбайн инженер

283

1,500,000-3,000,000

Туршлага, ур чадвараас хамаарсан

Хүснэгт 1, эх сурвалж: Ажлын байрны нэгдсэн веб сайт www.zangia.mn (нээлттэй өгөгдлүүдийг шинжилсэн)

Дээрх тоон үзүүлэлтүүдээс цалингийн хэмжээг харьцуулж харахад өнгөрсөн 2 жилийн хугацаанд барилгын салбарын дундаж, ялангуяа барилгын зураг төслийг зохиож, эцсийн хариуцлагыг хүлээдэг зураг төслийн мэргэжилтнүүдийн цалингийн хэмжээ бусад салбаруудтай харьцуулахад бодитой өсөлт гараагүй шалтгааныг Ковид-19 цар тахал болон хүний нөөцийн эрэлт, нийлүүлэлт огтлолцохгүй байгаа явдал гэж тодорхойлжээ. Мөн цар тахлын үед хөл хорио тогтоосны улмаас барилгын материалын үнийг дагаж барилгын төсөвт өртөг өссөн ч зураг төслийн ажлын үнэлгээний өртгийг төрөөс хатуу тогтоосон тул салбарын цалин, хөлсний хэмжээний өсөлтөд саад болсон хүчин зүйл болсон гэж үзэхээр байна.

Барилга, хот байгуулалтын сайдын 2020.06.10-ны өдрийн 108 тоот тушаалаар баталсан “Зураг төслийн ажлын жишиг үнэ тогтоох аргачлал”-д зураг төслийн жишиг үнийг төвөгшлийн ангиллыг харгалзаж, барилга, байгууламжийн 1м2 талбайн нэгжийг үндсэн үзүүлэлтээр тодорхойлохоор заажээ. Олон улсын түвшинд барилгын зураг, төсөл зохиох жишиг үнийг тогтоохдоо мэдэгдэж буй материалын шинж чанар, хэмжээс, ачаалалд тулгуурлан бүтцийн шинжилгээгээр үнэлж, төсөвт өртгөөс хувь тооцох болон 1м2 үнэлэх зэрэг аргыг өргөн хэрэглэдэг. Ингэхдээ 1м2 зураг төслийн үнийг тооцоход Монгол Улсын хувьд барилгын талбайн хэмжээ, төвөгшлөөс шалтгаалж 19,496₮-48,834₮ байхаар тогтоосон. Харин Англи Улсад 1м2 зураг төслийн үнийг тооцох бол 1м2 нь 1,775-3,000 фунт стерлинг (2023.04.20-ны өдрийн Монголбанкны ханшаар 7,721,250₮)-ийн өртөгтэй байна. Вьетнам Улсын хувьд, 2004 оныг хүртэл зураг төслийн үнэлгээг 1м2 тооцож байгаад 2004 онд “Барилгын тухай” хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, зураг төслийн үнэлгээг хийх журмыг хялбаршуулснаар барилгын төсөвт өртгөөс хувиар тооцохоор зохицуулжээ.

Манай улсын хувьд Вьетнам Улсын жишгээр барилгын зураг төслийн үнийг барилгын төсөвт өртгөөс тооцох эрх зүйн орчин нь Иргэний хуулийн хүрээнд хэдийнээ бүрдсэн байгаа бөгөөд талууд гэрээний үнийг харилцан тохиролцож тогтоох боломжтой тул ийнхүү зохицуулахдаа төсөвт өртгөөс тооцох доод болон дээд хязгаарыг “харилцан тохиролцож тогтооно” гэж зохицуулбал зах зээлийн шударга өрсөлдөөний зарчим, бизнесийн ашиг, орлогын зарчимд нийцсэн зохицуулалт болохоор байна.

Барилгын салбарын зураг төсөл зохиох үнийг тооцох аргачлалыг Барилга, хот байгуулалтын яам бодлогын түвшинд авч үзэж, зураг төслийн үнийг 1м2 тооцох тохиолдолд олон улсын жишигт нийцүүлэн тогтоох, эсвэл барилгын төсөвт өртгөөс хувиар тооцдог байхаар тогтоох нь зүйтэй болов уу. Ингэж чадвал барилгын салбарт ажиллагсдын цалин хөлсний хэмжээ өсөж, энэ өсөлтийг дагаж барилгын мэргэжил эзэмших сонирхолтой залуусын тоо нэмэгдэх, тэднийг бэлтгэдэг дээд сургуулиуд, багш нарын тоо ч нэмэгдэх ач холбогдолтой. Мөн үүнийг дагаад барилгын чанар, хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийн ур чадвар өсөн нэмэгдээд зогсохгүй, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдах суурь болно.

Энэ чиглэлд барилга, хот төлөвлөлтийн чиглэлийн мэргэжлийн холбоод, “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ, “Монголын барилгын инженерүүдийн холбоо” ТББ, “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ, “Монголын архитекторуудын эвлэл” ТББ, хамтарч хэтийн төлөвлөгөө, хамтын ажиллагааны санамж бичгийг төр, хувийн хэвшлийн хооронд байгуулах зэрэг ажлуудыг сүүлийн үед санаачилж, эрчимтэй гүйцэтгэж байгаа нь салбарын хөгжилд чухал түлхэц үзүүлэх учиртай. Төрийн зүгээс энэ чиглэлд барилгын ажлын үндэс суурь болсон зураг төсөл зохиох чиглэлийн аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжиж, ажлын хөлсний үнэлгээг хууль эрхзүйн орчинд чөлөөтэй байхаар уян хатан зохицуулалт хийвэл бодит дэмжлэг, гарц болж чадахаар байна.

Цаашид Барилга, хот байгуулалтын яам, барилгын салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагууд хамтран хүний нөөцийн хомсдолыг бууруулах, боловсролын чанар болон сонгон суралцагчдын тоог нэмэгдүүлэх, салбарын үнэлэмж, ажил мэргэжлийн ангилал, түүнд тавигдах үндсэн үзүүлэлтийг тодорхойлж, цалин хөлсний үнэлгээг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлд анхаарч, иж бүрэн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, шат дараалан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, төрөөс олгодог боловсролын бүх төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд барилгын салбарын мэргэжлүүдийг нэмж оруулах, боловсролын зээлийн сангаас олгох энэ төрлийн мэргэжлийн хөтөлбөрийн зээлийн хүүг бууруулах эсвэл тэглэх зэрэг дэмжлэгийг төрийн зүгээс, барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн дотоод зохицуулалтын орчныг сайжруулах чиглэлд зохих арга хэмжээг мэргэжлийн холбоод авах зэрэг бодит боломжууд байна.

Энэ чиглэлийн хамтын ажиллагаанд “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ  төр, хувийн хэвшлийг холбогч гүүр нь болж, холбогдох стандарт, норматив, дүрэм, журмыг шинэчлэх зэрэг үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаа нь барилгын салбарт нааштай өөрчлөлт дагуулж байна. Барилга, хот байгуулалтын салбарын хөгжлийг дэмжих, хөгжлийн шинэ түвшинд гаргаж зураг төсөл, хот төлөвлөлт, барилгын гүйцэтгэлийн компаниудын өрсөлдөөнийг чөлөөт өрсөлдөөний зах зээлд нийцүүлэн чанартай, тэгш өрсөлдөх боломжоор хангах нь нэг талаас төрийн үүрэг боловч ийнхүү практикт дэвшилттэй түвшинд хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нэн чухал юм.

 

Нийтлэл бичсэн: Г.Ариунболор