Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг килограмм каннабис хилээр нэвтрүүлэхийг завдсан иргэнээ Сингапур улс өнөөдөр өглөө цаазалжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Нэг килограмм орчим хэмжээтэй каннабис мансууруулах төрлийн бодис хилээр нэвтрүүлэх гээд баригдсан иргэнээ Сингапур улсын эрх баригчид өнөөдөр өглөө цаазалжээ.

Ийм төрлийн бодисын хэрэглээг дэлхийн хэд хэдэн улс хуулиар хүлээн зөвшөөрөөд байгаа бол Сингапур улс маш хатуу ханддаг хэвээр байна.

Сингапурын иргэн 46 настай Тангаражу Суппиахыг өнөөдөр өглөө эрт Чанги шоронд дүүжилсэн тухай мэдэгдлийг гэр бүлийнхэн нь хүлээж авснаа хэвлэлд мэдээлжээ.

Сингапур улс зургаан сар завсарласны дараа эхний цаазын ялаа гүйцэтгэсэн нь энэ юм.

Тангаражуд тус улсын шүүх 2018 онд цаазын ял оноож байжээ. Өнгөрсөн хугацаанд гэр бүлийнхэн нь, хүний эрхийн байгууллагууд ялыг цуцлуулахаар тэмцсэн ч үр дүнд хүрээгүй юм.

Тангаражугийн хэргийг хүлээлгэхдээ Сингапурын эрх баригчид өмгөөлөгч, орчуулагч оролцуулаагүй тул шүүлт шударга бус болсон байх магадлалтайг Эмнести Интернэйшнл байгууллага мэдэгджээ.

Өнгөрсөн онд Тайланд каннабисын хэрэглээг хуулиар зөвшөөрсөн Ази тивийн анхны улс болсон юм. Сингапурын хөрш Малайз улс саяхан хуулиа шинэчилж, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт ялын дээд хэмжээ оноодог байсныг болиулах алхам хийсэн билээ.

Харин ижил бүс нутагт оршдог Сингапур улс хуулийн шинэчлэлтээс татгалзаж, хатуу шийтгэл оноосон хэвээр байна.

Өнгөрсөн онд тус улс 11 цаазын ял гүйцэтгэсэн нь бүгд мансууруулах бодистой холбоотой байжээ.

Одоогийн хуулиар тус улсын хилээр метамфетамин, героин, кокайн, каннабис зэрэг мансууруулах төрлийн бодис нэвтрүүлэхийг завдсан бүх хүнд цаазын ял оноодог.

“Сингапур улс нь мансууруулах бодисыг үл тэвчих хатуу бодлого хэрэгжүүлдэг. Цаазын ял нь Сингапурын эрүүгийн хуулийн системийн салшгүй нэг хэсэг бөгөөд тус улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал үр нөлөөтэй юм” гэж Сингапурын дотоод хэргийн яам Тангаражугийн ялтай холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ өгүүлж байжээ.

 

Эх сурвалж: BBC