DPUB2 төслийн хүрээнд зохион байгуулсан Япон дахь сургалтын тайлан №1 “Япон улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллага, орон нутгийн засаг захиргааны олон нийтэд түшиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа”
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, ААНБ, ТББ-ын хөдөлмөр эрхлэлт хариуцсан нийт 18 хүн энэ оны 2-р сард Японы Осака хотод зохион байгуулагдсан сургалтад оролцсон байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-тай хамтран 2021 оноос хойш хэрэгжүүлж буй "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)" -ийн хүрээнд Японы хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, дэмжигч байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл, ажлын байрны дадлагажуулагчийн чиг үүргийн талаар туршлага судалжээ.
"Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарах эрсдэлээс зайлсхийхийн тулд хувь хүн, ААНБ аль алийг нь үнэлэх шаардлагатай", “Ажлын байрны дадлагажуулагчийн төвлөрсөн дэмжлэгийн хугацаа дууссан ч үйл ажиллагааг тогтвортой байлгах”, “Тогтвортой байх хугацаанд гарч болохуйц эрсдэлээс хэрхэн сэргийлэх” талаарх лекц, танилцуулга нь оролцогчдын анхаарлыг татаж байв. Сургалтад оролцогчид лекцийн мэдээллийг анхааралтай сонсож, тэмдэглэж авч байлаа. Осака хотын баруун хойд хэсгийн Ёдогава дүүргийн “Кашима Юүайкай” нийгмийн халамжийн байгууллагын хурлын танхимд болсон сургалт үр дүнтэй болов.
“Кашима Юүайкай” нь нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр Ёдогава дүүргийн Кашима, Мицүя засаг захиргааны нэгжтэй 30 жилийн турш нягт холбоотой ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудад зориулсан нийгмийн халамжийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхэлж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх боломж, бололцоог хангах зорилгоор 2006 онд Кашима хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Линк төвийг байгуулсан. Тус төвийн ажилчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэлгээ хийсний дараа төвийн доторх ажлын байр, ААНБ дээрх дадлага ажил хийх боломжоор хангаж, зогсоо хийх ажилд дасан зохицох, ажлын цагаар хувийн үг хэллэг хэрэглэхгүй байх, удирдах ажилтантайгаа хүндэтгэлийн үг хэллэг хэрэглэн харилцах, ажилд ороход шаардлагатай хөдөлмөр эрхлэлтийн хэв маяг, төлөвшил, ур чадвараа сайжруулахад дэмжлэг үзүүлж ажилладаг.
Ажлын байрны дадлагажуулагч нь ажлын байрыг хайж олж, үнэлсний дараа, ажилд оруулах зохицуулалт хийхээс гадна ажилд орсны дараа тогтвортой байдлыг хангахын тулд шаардлагатай бол ажлын байранд нь тогтмол хугацаанд очиж, нөхцөл байдалтай танилцах зэргээр дэмжлэг үзүүлнэ. Тус төв нь хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр өнөөг хүртэл 200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд дэмжлэг үзүүлээд байна.
Линк төвийн үйл ажиллагааны талаарх ажилтан Сүизү Юүигийн мэдээллийг сонссоны дараа сургалтад оролцогчид 2 багт хуваагдан төвийн үйл ажиллагаатай танилцав.Төвийн суралцагчид шингэнийг хэмжиж, жижиг лонхонд хийх аргад хэрхэн суралцаж байгааг мөн энгийн оффисын ажлын байрны загварыг бий болгож, тооцооны хуудас, баримт бичиг, соронзон наалт, картын цагариг гэх мэт төрлөөр нь ангилан хайрцагт хийж байгаатай танилцлаа. Дараа нь хажуу өрөөнд явагдаж буй алчуур дөрвөлжлөн эвхэх ажилтай танилцав.
Зочид буудал, эмнэлгийн байгууллагад ажилд ороход ихэвчлэн дээрх төрлийн ажил хийдэг учраас бодит байдал дээр хийх дадлага ажлыг оруулсан тухай Тамаики дарга тайлбарлав.
Осака хотод 3 өдрийн турш үргэлжилсэн сургалтын үеэр Осака хотын харьяанд байдаг Мэргэжил сэргээн засах төв, Осакагийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн төвийн ажилтнуудаас ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төр засгаас явуулж байгаа бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл авч, "Heartful office (Сэтгэл дүүрэн ажлын байр) "-оор зочилж, тэнд багагүй цагийг өнгөрөөсөн юм.
1985 оны 4-р сард байгуулагдсан Осакагийн мэргэжлийн нөхөн сэргээх төв нь хөдөлгөөн, оюун, сэтгэцийн бэрхшээл, хөгжлийн хоцрогдолтой иргэдийг цаашид тогтвортой хөдөлмөр эрхлүүлэх зорилгоор мэргэжлийн сургалтад хамруулдаг. Тус төвд 1 жилийн сургалт болон 1-4 сарын богино хугацааны сургалт байдаг бөгөөд компьютер дээр ажиллах, бусад ажлыг хийх практик сургалтыг зохион байгуулахаас гадна харилцааны ур чадвар, мэргэжлийн үнэмлэх авахад дэмжлэг үзүүлдэг гэж Сакаи Кёоко дарга ярьлаа.
Өнөөг хүртэл 1600 хүн тус төвөөр дамжин ажлын байртай болсон бөгөөд одоо 52 хүн сургалтад хамрагдаж байгаа аж.
2021 оны 4-р сараас эхлэн тус төвийн сургалтад хамрагдсаны дараа Кинки Роуд ХК-д ажилд орсон тэргэнцэртэй иргэн Кожима Кента өөрийн даргын хамт хүрэлцэн ирсэн юм. Ажил хайж байх явцад өөрт тохиолдсон асуудал, одоо хариуцан хийж байгаа ажил, ажиллах явцад гардаг асуудлын талаар ярьж өглөө. Өөрийн туршлагын талаар илэн далангүй ярьж өгсөн түүний яриаг анхааралтай сонсож суусан сургалтын оролцогчид ярианы дундуур алга ташиж, түүнд баяр хүргэж байлаа.
Тус төв нь Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны шууд харьяанд байдаг. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй ажил хайгч иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн захиргааны байгууллагын харьяа байгууллага бөгөөд улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 47 төв, 5 салбар нэгжтэй бөгөөд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажил хайгч, ажил олгогчдод цогц дэмжлэг үзүүлдэг.
Бүх төвүүд ажил мэргэжлийн зөвлөхтэй бөгөөд “Hello Work”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ахуй амьдралыг дэмжих төв”, эрүүл мэнд, боловсрол, халамжийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, олон нийтэд түшиглэсэн мэргэжлийн нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлдэг.
Осакагийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн төвийн ахлах зөвлөх Сейке Шинтаро нь тус төвийн үйл ажиллагааны хүрээнд ажлын байрны дадлагажуулагчдын үзүүлж буй дэмжлэгийн тогтолцооны талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. Тэрээр “Ажлын өөрчлөлт, стрессийг харгалзан үзэж, хэд хэдэн ажлын байрны дадлагажуулагч багаар ажиллан дэмжлэг үзүүлдэг" гэж ярилаа. Мөн Санхүүгийн дэмжлэг үзүүлэх төвийн Осака дахь салбарын Нива Масахито Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй ажил хайгч иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагаас ажил олгогчдод үзүүлж буй дэмжлэгийн шат дараалал, санхүүгийн дэмжлэгийн бүтэц, зохион байгуулалтын талаар тайлбарлав.
Осака мужийн Нийгмийн халамжийн албаны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн газрын харьяа Бие даасан амьдралыг дэмжих хэлтсийн орлогч дарга Сүгимори Юкари Осака мужийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний дэвтэртэй иргэдийн тоо, хөгжлийн бэрхшээлийн хэлбэр тус бүрээр хийсэн судалгаан дээр үндэслэн авч хэрэгжүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний талаар танилцууллаа. Осака муж нь засаг даргын удирдлага, санаачилгын үр дүнд Япон улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хамгийн өндөр түвшинд байлгаж байгааг тэрбээр онцлон дурдлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мужийн захиргаанд цагийн ажилтнаар ажиллуулан, тэрхүү туршлага дээрээ үндэслэн ААНБ-д ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр “Осака мужийн захиргааны байрны нэгдүгээр давхарт байрлах “Сэтгэл дүүрэн ажлын байр”-ны үйл ажиллагаатай танилцав. Тус мужийн захиргааны байран дотор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн төвд хийсэн төрөл бүрийн бараа болон амттан борлуулдаг “Халамжийн дэлгүүр” байдаг.
Сургалтад оролцогчид Ёдогава дахь Hello Work-д зочилж, засгийн газраас ажил хайгчид болон ААНБ-уудад төрөл бүрийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх зорилготой Hello Work (Олон нийтийн хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг хангах алба)-ийн үйл ажиллагаатай танилцав. Мэргэжлийн дэмжлэг үзүүлэх 1-р хэлтсийн ажил мэргэжлийн ерөнхий чиглүүлэгч багш Иёо Нобуаки "Hello Work"-ийн чиг үүргийн талаар танилцуулж, сүүлийн үеийн бүртгэлийн статистикаас харахад "Сэтгэцийн бэрхшээлтэй болон хөгжлийн хоцрогдолтой хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа” талаар онцоллоо.
Тэрбээр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг цаашид дэмжиж, тогтвортой байдлыг хангахын тулд “Hello Work”-ийн үйл ажиллагааг улам сайжруулахаас гадна холбогдох байгууллагуудтай хамтран уялдаа холбоотой ажиллах нь зайлшгүй чухал" гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн нийгмийн аль эх үүсвэрээр ямар үйл ажиллагаа явуулах талаар зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэх "Hello Work”-ийн чиг үүргийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Танилцуулга ярианы дараа оролцогчид 3 багт хуваагдаж, ажил хайгчид олноор цугларсан мэргэжлийн сургалтад хамрагдах өргөдөл өгөх хэсэг, хүүхэд өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдэд зориулсан ээжүүдэд дэмжлэг үзүүлэх хэсэгтэй танилцлаа.
Нийтлэлийн үргэлжлэлийг дараах линкээр орж уншаарай. → ikon.mn/n/2ug9
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!