Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэн н.Эрдэнэцэцэг: Гурав хоног өвдөхөд хурдан төрүүлээгүйгээс хүү минь хүчилтөрөгчийн архаг дутагдалтай болж, тархиа гэмтээсэн

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн "Өргөө" амаржих газрын буруугаас болж хүүхэд нь хохирсон талаар иргэн н.Эрдэнэцэцэг өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Миний бие нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны аравдугаар сарын 2-ний өглөө 05:30 цагт ургийн ус гараад, өглөө 08:00 цагт Өргөө амаржих газарт очсон. Эмч нар ээлжээ хүлээлцтэл би хүлээж суугаад төрөх хэсэгт орсон. Тасгийн эрхлэгч нь өөрөөрөө төрөх боломжтой юм байна гэсэн. Ус гарсан учраас сэдээлт хийсэн. Базалт удаан байсан болохоор нийт гурван удаа сэдээлт хийсэн. Ус гарчхаад байхад хоёр хоног төрөхийн өрөөнд хонуулаад, аравдугаар сарын 4-нд хүүхэд чинь доошлохгүй байна гээд кесар хийж хүүг маань төрүүлсэн.

 Хүү минь одоо зургаан сартай ч их жижигхэн. Бүтэлттэй төрсөн гээд сэхээн амьдруулах тасаг руу авч явсан. Хүүтэйгээ дөрөв хоногийн дараа уулзсан. Эмч нарын буруутай үйлдлээс болоод хүү маань зургаан сартай мөртлөө, хоёр сартай хүүхэд шиг жижигхэн байна. Толгойгоо даахгүй, нүд нь солир, ээжийгээ харж, мэдрэхгүй байгаа. Би бүх эмчийг буруутгаагүй. Тухайн үеийн тасгийн эмч болон Оргилсайхан, Мядагмаа эмч сэтгэл гаргасан бол миний хүү эрүүл саруул байх байлаа. 

Хүүхэд маань хүчилтөрөгчийн архаг дутагдлаас болоод тархиндаа нөлөөлөөд ийм байдалтай болчихсон. Гэтэл Өргөө амаржих газраас ээж халдвартай байсан, хүүхэд ээжээсээ халдвар авсан гэж байгаа. Гурав хоног өвдөж байхад яагаад хурдан төрүүлээгүй юм.

Би гомдолтой байна. Төрснөөс хойш “Өргөө” амаржих газар ганц ч хүүг маань асуугаагүй. Өргөө амаржих газраас би болон хүүхэд маань КОДИВ-19-ийн халдвар авсан. Эх нялхас руу шилжүүлсэн боловч хүүгээс маань КОВИД-19 илрээд аваагүй.

Манай хүүхдийг Монголд эмчлэгдэхгүй гэсэн. Шинжилгээ хийлгэхэд хүчилтөрөгчийн дутагдлаас болоод тархиа гэмтээсэн байна. Дээрээс нь халдвар авсан байна гэсэн. Бүх үйл явц эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж бодож байгаа. Намайг зүгээр төрүүлсэн бол ийм асуудал гарахгүй. Хүүхдэдээ эмчилгээ хийлгэх гээд олон нийтийн сүлжээгээр хандивын аян зарласан боловч дөнгөж 20 хувьтай явж байна. Хандив цугларахгүй байна" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав