Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Өмнөд хөршийн Коммунист намын гишүүдээс хоёр дахин их хүн манай улсад намын гишүүн байна"

Т.Саран, iKon.mn
2023 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна. 

Тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Чимэддорж уг төсөлтэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Уг хуулийн төслийг Ерөнхийлөгчийн зүгээс удахгүй өргөн барих гэж байна. Монгол Улс улс төржсөн улс болсон. Сонгуулийн насны хүн амын долоон хүн тутмын нэг нь аль нэг улс төрийн намын гишүүн байна. Энэ нь дэлхий дээр хамгийн олон гишүүнтэй гэгдэж буй өмнөд хөршийн коммунист намын гишүүдийн тооноос бараг хоёр дахин их хүн намын гишүүн байгаа юм. Тиймээс намын хатуу гишүүнчлэлтэй холбоотой асуудалд АН анхаарч ажиллаж байна. 

Хуулийн төсөлд төрийн санхүүжилтийн механизмыг оруулж ирж байгаатай холбоотойгоор улс төрийн намын санхүүжилт, зарцуулалт, хандив, гишүүдийн татварын дээд хязгаарыг хуулиар тогтоож өгөх ёстой. Түүнчлэн улс төрийн намуудад хуулиар тогтоосон бүтэц, зохион байгуулалтыг бий болгох шаардлагатай. Ялангуяа харилцан бие биеэ хянадаг байх зүйлийг хуульд тусгах хэрэгтэй. 

Улс төрийн нам бага зардлаар үйл ажиллагаа явуулдаг, дэргэдээ бодлогын судалгааны байгууллагатай байх ёстой. Өмчийн асуудлыг хуулиар зохицуулж өгмөөр байна" гэдгийг хэллээ. 

Харин нэг болгоомжлол байгаа талаар "Төрөөс улс төрийн намуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэрийн дор намын бие даасан байдал, иргэд эвлэлдэн нэгдэх замаар улс төрийн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах вий гэсэн болгоомжлол байна. Энэ чиглэлээр АН байр сууриа нэгтгэж байгаа" хэмээв.