Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх АНЗААР арга хэмжээг эхлүүллээ.
Энэ хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, мэдлэг олгох сургалтуудыг нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчдын дунд зохион байгуулж байна.
Түүнчлэн ийм төрлийн бодис, эм хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга, хууль эрх зүйн хариуцлагын талаар ойлголт мэдээллийг түгээнэ.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, шөнийн цэнгээний газруудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөж буй.
Сүүлийн зургаан жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн 80 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Мөн ийм төрлийн гэмт хэрэг залуусын дунд нэмэгдэх хандлагатай байгаа тул урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, мэдээлэл олгох нь чухал.
Уг арга хэмжээг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, НЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ-ээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!