БНХАУ-ын “Tencent” компанитай албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулсан “Сэндли ББСБ” ХК манай урд хөршийн иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг цахим төлбөр тооцооны “WeChatPay” үйлчилгээг Монголд нэвтрүүлжээ.
Энэ нь нэг сая жуулчин хүлээн авах зорилготой манай улсын хувьд БНХАУ-ын жуулчдыг хүлээн авах, амар хялбар худалдан авалт хийлгэх суурь нөхцөлийг бүрдүүлж чаджээ. Энэ сэдвийн хүрээнд бид “Сэндли ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Наранбаттай ярилцлаа.
- Уншигчдадаа таны ярилцлагыг хүргэж буйдаа баяртай байна. БНХАУ-д хамгийн өргөн хэрэглэгддэг “Wechatpay”-тэй албан ёсны хамтрагч байгууллага болж чадсан нь маш том амжилт хэмээн харж байна. Тэгэхээр “Wechatpay”-тэй хэрхэн холбогдож, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн тухай асуултаар ярилцлагаа эхэлье?
Бидний хувьд анх 2018 оны 6-р сард Бээжин хотноо “Tencent” компанитай уулзаж албан ёсны хүсэлт гаргаж байсан. Үүнээс хойш бүтэн 3 жилийн бэлтгэл ажил, хэлэлцээрийн үр дүнд 2021 оны 11-р сард “Wechatpay”-ийн Монгол дахь албан ёсны түнш байгууллага болж чадсан.
Бид дээрх зөвшөөрлөө хоёр жилийн өмнө авсан ч цар тахал болон Хятадын хил хаалттай байсан шалтгаанаар үйлчилгээнийхээ нээлтээ хийхгүй энэ оныг хүртэл хүлээсэн. Харин манай урд хөрш нэгдүгээр сард хилээ нээснээр хоёр орны худалдаа болон аялал жуулчлалын урсгал сайжирч байна. БНХАУ-ын иргэд Монголд орж ирж, хоёр талын бизнес эрхлэгчдийн ажил цар тахлын өмнөх үе рүү гээ шилжиж байна гэсэн үг. Бид яг энэ үеэр Сэндлигийн зөвшөөрлөө ашиглан Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь зочид буудал, ресторан, дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудад Хятад иргэд “Wechatpay”-ээр төлбөр тооцоо төлж болох QR дэлгэцүүдийг урьтаж байршуулж чадсан.
Харин Улаанбаатар хотод томоохон сүлжээ дэлгүүр болох “CU”, “GS25”, “M mart”, зочид буудлуудад мөн “Wechatpay”-ээр төлбөр хүлээн авах боломжийг нэвтрүүлээд байна.
Зарим судалгааг харахад манай улс хамгийн оргил үедээ нэг сая жуулчин хүлээн авахад үүний тал хувь нь БНХАУ-ын жуулчид байсан. Дээр нь БНХАУ-ын хүн амынх нь бараг 70 орчим хувь нь “Wechatpay”-ээр төлбөр, тооцоогоо хийдэг. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгө ашигладаггүй гэсэн үг. Хятадын жуулчид монголд орж ирлээ гэхэд төлбөр тооцоогоо хормын дотор хийх боломж ийнхүү бий боллоо.
Монголчууд өнөөдөр дотооддоо бэлэн мөнгөөр бус ихэвчлэн банкны карт, аппликейшнуудаар дамжуулан төлбөрөө ямар нэгэн чирэгдэлгүйгээр, түргэн шуурхай гүйцэтгэж байна шүү дээ. Тэгэхээр манайд ирсэн Хятадын жуулчид ч гэсэн яг л ийм түргэн шуурхай үйлчилгээ авна. Юаниа төгрөг рүү хөрвүүлэх шат дамжлагатай, цаг зав үрсэн ажилд хугацаа алдахгүй боллоо.
- Төлбөрийн ийм таатай нөхцөл бүрдсэн нь манай улсын аялал жуулчлалын оролцогчдод ямар үр ашигтай гэж та харж байна вэ?
Аялал жуулчлалд олон талын оролцоо бий. Тээвэр, жолооч, хөтөч, ресторан, зочид буудал гээд бүх оролцогч төлбөр тооцоогоо шууд хүлээн авах боломжийг бүрдүүлсэн үйлчилгээг бид хэдхэн хоногийн өмнө нэвтрүүллээ шүү дээ. Монгол Улсын иргэн бүр “Hipay” аппликейшнээр дамжуулан хормын дотор “Wechatpay” төлбөр хүлээн авах боломжтой болгосон.
Жишээлбэл хятад жуулчид хөдөө аль нэг аймагт очлоо гэхэд морио унуулдаг залуу, бүргэдийн үзүүлбэр үзүүлдэг айл, сааль сүү, бэлэг дурсгалын зүйл зардаг хоршоо гээд иргэн бүр хятад жуулчдаас орлого олох бололцоо бий боллоо. Ер нь хэдий чинээ төлбөрийг амар хялбар байдлаар хүлээн авах бололцоог бүрдүүлнэ төдий чинь Хятад жуулчдын худалдан авалтыг дэмжиж, Монголд үлдэх аялал жуулчлалын валютын орлого нэмэгдэх гээд том дүр зургаар нь харвал өгөөж их юм.
Бид үйлчилгээний газруудад хэвлэмэл QR код тавьж өгч байсан бол одоо “Hipay” аппликейшинд “Wechatpay” төлбөр хүлээн авах гэсэн хэсгийг нэмсэн. Манай улсад албан бус байдлаар хөдөлмөр эрхлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг олон хүн бий. Тэдгээр иргэд маань шууд “Hipay”-д цахим мөнгөний дансаа үүсгэн Хятад улсын иргэдээс төлбөр тооцоогоо хүлээн авах боломжтой.
HIPAY-WECHAT
- Санхүүгийн аливаа үйлчилгээний ард мэдээж аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө шүү дээ. Тэгэхээр танай “Hipay” аппликейшн энэ асуудлаа хэрхэн шийдсэн бэ?
Бид Монголбанкнаас Цахим мөнгө гаргах тусгай зөвшөөрөл, төлбөрийн карт хүлээн авах тусгай зөвшөөрөл авсан. Мөн Монголбанктай шилэн кабелиар холбогдсон Дата төв байгуулсан. eCommerce Gateway Олон улсын төлбөрийн систем нэвтрүүлсэн. Мөн Сингапур улсад байрлах “Rock Pte” LTD байгууллагаар оффсайт болон онсайт аудит хийлгэсэн бөгөөд үүний үр дүнд PCI DSS 3.2.1 буюу 6 бүлэг, 12 үндсэн зарчим, 200 гаруй дэд шаардлага бүхий төлбөр тооцоо, мэдээллийн аюулгүй байдлын стандартыг хангаж чадсан. Энэхүү байгууллагыг үүсгэн байгуулагчид нь дэлхийн топ 5 карт эзэмшигч буюу Visa, Mastercard, American Express, JCB, Discover-нхон багтдаг юм.
Өөрөөр хэлбэл бид харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдалд финтек компаниудаасаа тэргүүлэгч гэж хэлж болно. Учир нь монголын арилжааны таван банкнаас гадна, финтек компаниас зөвхөн “Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь “PCI DSS” стандартыг хангасан. Хятад талдаа гэвэл, бидний үйлчилгээ бол төлбөр тооцоо хүлээж авах юм. Өөрөөр хэлбэл Монголоос төлбөр шилжүүлэхгүй. Нэг үгээр Монгол хэрэглэгчдээ бараа, бүтээгдэхүүнээ борлуулах, хил дамнасан худалдаа, наймаа хийх боломжийг бүрдүүлсэн. Олон улсын төлбөрийн хэрэгсэлтэй хүмүүс Монголд ирэнгүүтээ маш хурдан хормын дотор төлбөр гүйцэтгэх боломж бүрдчихлээ шүү дээ. Хятадын “TENCENT” компанийн “Wechatpay”-н шаардлагыг хангаж, зөвшөөрөл авч хамтарсан гэдэг агуулга нь өөрөө манай байгууллагын технологи, боловсон хүчний чадавх сайн байгаагийн илэрхийлэл юм.
- Ер нь санхүүгийн хэрэглэгчдийн зан төлөв хэрхэн өөрчлөгдөж байна гэж та харж байна вэ?
Монголчууд бид гадагшаа бараагаа экспортлох, нэг бол жуулчдыг Монголд авчраад тухайн улсын валютаар төлбөр тооцоогоо хийгээд орлого олох гээд хичээж байна. Улсаараа л валютын орлого олох гээд байна шүү дээ. Үүнийг ч Монгол Улсын засгийн газар бодлогоор дэмжиж 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, жилд 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан тухай мэдээ уншсан. Тэгэхээр бид юу хийж чадсан бэ? гэвэл худалдааны болон аялал жуулчлалын гол түнш орныхоо иргэдийнх нь өдөр тутам хэрэглэдэг төлбөр тооцооны системийг нь Монгол Улсад оруулж ирж, тэр улсын хэрэглэгчдийн зан төлөв, хандлагад нийцсэн үйлчилгээг нэвтрүүлж өгч чадсан нь маш том давуу тал.
Хятад улсын иргэд Монголд орж ирээд монголын аль нэг аппликейшн татаж аваад, карт холбохгүйгээр зөвхөн өөрсдийнхөө “Wechatpay”-ээр төлбөр тооцоогоо төлөөд явж чадаж байна гэдэг нь давуу тал. Хятадын жуулчид ковидоос өмнө дэлхийн аялал жуулчлалын орлогын томоохон хувийг бүрдүүлж байсан учраас Зүүн Өмнөд азийн орнууд, европын орнууд “Wechatpay” төлбөрийн системийг өөрсдөө нэвтрүүлээд эхэлсэн байдаг. Бид хэдийгээр ковидын улмаас багагүй цаг хугацаагаа алдсан ч гэлээ өөрсдийнхөө хувьд маш сайн бэлтгэж, өнөөдөр ийнхүү “Wechatpay”-ээр Монголдоо төлбөр тооцоо хийх нөхцөлийг бүрдүүллээ.
- Төлбөр тооцооны олон арга бий. Бизнесийн салбарынхны хувьд оновчтой сонголт хийхэд юунд түлхүү анхаарах ёстой вэ?
Жишээлбэл та аялал жуулчлалын бизнес эрхэлдэг байлаа гэж бодоход, бидний нэвтрүүлсэн үйлчилгээ бол маш амар хялбар буюу “Hipay” апп-аа татаж аваад, онлайнаар дансаа үүсгээд, “Wechatpay”-ээс шууд төлбөр хүлээн авах боломжтой. Бид гүйлгээнд лимит тогтоож өгсөн. 5000 төгрөгөөс 1 сая төгрөг хүртэлх гүйлгээг та шууд хүлээж авна. Харин 1 саяас дээш бол харилцагчаас зарим мэдээллийг тодруулж авна.
Цахим орчин өрсөлдөөнтэй болж, арилжааны банкнуудтай финтек компаниуд өрсөлдөж байна. Тэгэхээр илүү амар, хялбар байдлаар үйлчилгээ авах боломжийг л бид бүрдүүлж өгч байгаа юм. Манай “Hipay” аппликейшн 600 мянга гаруй татан авалттай, үүнээс 400 мянга гаруй идэвхтэй хэрэглэгчтэй. “Сэндли ББСБ” ХК өөрийнхөө нэр дээр авсан төлбөр тооцооныхоо үйлчилгээг өөрийн хамаарал бүхий “Hipay” аппликейшн дээр буюу маш олон төрлийн үйлчилгээтэй нэгтгэж өгснөөр харилцагчид илүү амар хялбар байдлыг бий болгож байна.
- Төлбөрийн системийн ирэх 5-10 жилийн төлөвийг та хэрхэн харж байна вэ?
2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдаж, үүнээс хойш маш олон финтек компани тусгай зөвшөөрөл авч ажиллаж байна. Уламжлалт төлбөрийн карт, бэлэн мөнгөний хэрэглээнээс QR уншуулах юм уу, утсаараа, цагаараа төлбөрөө төлөх гээд системүүд хурдацтай хөгжиж байна. Дараагийн түвшин бол дотоодоосоо давж олон улсын түвшинд гарч, хамтран ажиллах гэж харж байна. Тэгэхээр төлбөрийн системийн шалгуур үзүүлэлт нь хурдан байх ёстой, аюулгүй байх ёстой, мэдээж үйлчилгээний шимтгэл, хураамж бага байх ёстой. Тэгэхээр бидний өрсөлдөөний хүчин зүйл сайн тал руугаа хурдацтай урагшилж байна.
Манай улсын иргэд Америк, Хятад, Орос, Япон, Солонгосын жуулчдын хэрэглэдэг төлбөр тооцооны системээр төлбөр, тооцоогоо хүлээж авдаг болох ёстой юм. Өмнөх 10 жилийн хандлагыг та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Картаар төлбөр тооцоо хийхэд карт уншуулдаг пос төхөөрөмж нь нэг сая төгрөгөөс дээш үнэтэй болохоор бүх худалдаа, наймаа эрхлэгчид авч чаддаггүй. Жишээлбэл гадны такси үйлчилгээнд пос төхөөрөмж байдаг бол, Монголд байхгүй.
Тэгэхээр такси болгонд сая төгрөгийн төхөөрөмж суулгахгүйгээр дараагийн хөгжлийг товчилсон QR код буюу аппликейшн хоорондоо ажилладаг амар хялбар системийг бид нэвтрүүлээд эхэлсэн. Энэ систем цаашид улам хөгжөөд явна. Үүнээс өөр хувилбар одоогоор харагдахгүй байна. Бидний сонгосон энэ хувилбар дэлхий дахинд туршигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн. Жишээ нь Монголд хятад хүн ирээд “Wechatpay”-ээрээ төлбөр тооцоо хийхэд, бид төлбөрийг нь “Hipay” аппликейшний хэтэвчиндээ хүлээн авах нь. Тэгэхээр энэ нь хөгжлийн олон үе шатыг товчилсон үйлчилгээ болж байгаа юм.
- “Сэндли” 2023 оны анхны бондыг амжилттай гаргасан шүү дээ. Нэгэнт хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг даасан компанийн цаашдын зорилтыг сонирхох нь зөв болов уу?
Тэгэлгүй яах вэ, манай “Сэндли ББСБ” ХК өнгөрсөн оны 9-р сард IPO гаргаж, энэ оны 1-р сард 8.5 тэрбум төгрөгийн бондыг ердөө цаг орчмын дотор татан төвлөрүүлж чадсан. Одоогоор Сэндли сардаа 1 сая орчим долларыг америк, япон, европ, австралиас эх орондоо оруулж ирж байгаа бол цаашид хятад, болон солонгосын зах зээлтэй холбогдсоноор сардаа 3-5 сая долларыг оруулж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан.
Бид дээрх төлөвлөгөөнийхөө дагуу Замын-Үүдэд “Wechatpay”-н үйлчилгээгээ нээж, мөн “Hipay” аппликейшнтэй харилцагчид Хятад иргэдээс юаниар төлбөр хүлээн авах боломжийг бүрдүүлсэн бол удахгүй Хятадын “Alipay”-тэй хамтарна, мөн Солонгосын зах зээлд гарна. Ингэснээр цөөн хүнтэй финтек багаар бид их хэмжээний гүйлгээ хийж, ашиг олох бололцоо бүрдэж байна. Бид IPO-нийхаа төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!