Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гомбосүрэн: Иргэд цагдаагийн алба хаагчийн шаардлагын дагуу хөдөлгөөнд зохистой оролцох хэрэгтэй байна

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 3 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тээврийн цагдаагийн албанаас нэг чигийн хөдөлгөөн зохицуулалтад орсонтой холбоотойгоор замын хөдөлгөөнд гарсан өөрчлөлт, нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тээврийн цагдаагийн албаны замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Гомбосүрэн “Өнөө өглөөнөөс эхлээд гэрэл дохионы зохицуулалт хийхгүйгээр Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-ны албан хаагч уулзварын голд зогсож тэмдгийн хэрэгжилтийг хангуулан ажиллалаа. Үүний үр дүнд хойд талаасаа явж байгаа нарны гүүр хөдөлгөөний уулзвар болон Механик, Тээврийн Сургууль (МТС)-ийн уулзварын баруун, зүүн талын хөдөлгөөн маш сийрэг байна.

Нийт хөдөлгөөнд оролцогчид ТЦА-ны алба хаагчдын шаардлагыг биелүүлэхгүй бол өнөө өглөө гэхэд л МТС-ийн хойд тал дээр зам тээврийн хоёр  осол гарсан. Эдгээр осол нь хөдөлгөөнд оролцогчдод 5-10 минутын саад учруулсан. Үүнээс үүдээд хэвийн урсаж байсан хөдөлгөөнд саатал үүссэнийг иргэд энэ ажил бүтэхгүй байгаа мэтээр буруу ойлгож ярьж байна.

Гэтэл яг уулзвар дээр тулж ирж зогсчхоод уулзвараар хаашаа явахаа мэдэхгүй байгаагаас ардаа байгаа бусад хөдөлгөөнд оролцогчдод саад учруулан хойшоогоо суналт үүсгэсэн асуудал ажиглагдсан.

Тиймээс иргэд цагдаагийн алба хаагчийн шаардлагын дагуу хөдөлгөөнд зөв, зохистой оролцох хэрэгтэй байна. Бидний гол зорилго бол уулзварын голд зогсож байгаа цагдаагийн алба хаагч биет зохицуулалт хийдэг биш зөвхөн замын тэмдэг тэмдэглэгээний хэрэгжилтийг хангуулан ажиллах” гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр иргэдийн эсэргүүцлээс үүдэж зохицуулалтдаа ахиж өөрчлөлт оруулах уу? гэсэн сэтгүүлчдийн асуултад “Энэ бол туршилтын хугацаа. Үүнд алдаа гарсныг үгүйсгэхгүй. Гэхдээ бид үүнийг тухайн цаг үед нь хянаад зарим уулзварууд дээр гэрлэн дохионы өөрчлөлтийг хийх бүрэн бололцоотой байгаа” гэсэн юм.

МТС-ийн уулзвар дээр ТЦА-наас болон нутаг дэвсгэрийн замын цагдаагийн нэгжээс нийтдээ хоёр цэг дээр дөрвөн албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.

Харин Хөсөг трейдийн уулзвар дээр гурван цэгт гурван алба хаагч замын тэмдэг, тэмдэглэгээний хэрэгжилтийг хангуулж ажиллаж байгаа аж.

Түүнчлэн ТЦА-ны төв нэгжээс тухайн хоёр цэг дээр хоёр ээлжээр дөрвөн удирдах албан тушаалтан замын хөдөлгөөний үүрэг гүйцэтгэлтэд биечлэн хяналт тавихаар ажиллажээ.

Өмнө нь Механик тээврийн сургуулийн уулзварыг хойноос нь ирсэн хөдөлгөөнийг авахын тулд нэлээдгүй гэрэл дохионы таталт хийдэг байжээ. Үүнээс шалтгаалаад хоёр талаар нь явж байгаа иргэдийн зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлсэн гомдол, мэдээлэл өнгөрсөн онд 127 ирснийг ТЦА-наас мэдээлсэн юм.