Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Норвеги, Швед, Финланд, Дани улсууд нэгдсэн агаарын зэвсэгт хүчинтэй болохоор тохиролцжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Оросын аюул заналаас сэргийлэхийн тулд Умард Европын дөрвөн улс агаарын зэвсэгт хүчнээ нэгтгэх тохиролцоонд хүрсэн байна.

Ингэснээр хамгийн орчин үеийн 250 орчим байлдааны нисэх онгоцтой хүчирхэг агаарын хүчин бий болжээ.

Умардын Нэгдсэн агаарын зэвсэгт хүчин байгуулах санамж бичигт Норвеги, Финланд, Швед, Дани улсуудын эрх баригчид Баасан гарагт гарын үсэг зурцгаасан байна.

“Эцсийн зорилго нь НАТО-гийн аргачлалд суурилсан Нордикийн хамтарсан агаарын хүчний үзэл баримтлалыг боловсруулж, нэгдсэн хүчээр саадгүй ажиллах чадвартай байх явдал юм” гэж Дани улсын зэвсэгт хүчний төв командлал мэдээлжээ.

“Манай хамтарсан хүч Европын аль ч том улсынхтай нэг түвшинд харьцуулагдахуйц юм” гэж Дани улсын агаарын хүчний командлагч, хошууч генерал Жэн Дам ярьсан байна.

Тэрбээр энэ шийдвэрийг Оросын арми Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэнтэй холбоотой хариу арга хэмжээ гэж тайлбарлажээ.

Украины дайны дараа Финланд, Швед улсууд уламжлалт төвийг сахих гадаад бодлогоосоо татгалзаж, НАТО-д элсэхээр болоод байгаа билээ.

Дани, Норвеги улсууд НАТО-гийн гишүүн юм.

Норвеги улс өрнөдийн хамгийн орчин үеийн сөнөөгч онгоц болох F-35 загвараар армиа зэвсэглэсэн байдаг. Финланд, Дани улсууд ойрын үед ийм загварын сөнөөгч онгоцтой болохоор үйлдвэрлэгчээс нь захиалаад байгаа.

Швед улсын хувьд өөрийн үйлдвэрлэсэн Gripen C болон Gripen D загварын сөнөөгч онгоцнуудтай юм.

Мөн шинэчилсэн Gripen E загварыг удахгүй үйлдвэрээс нь хүлээж авах гэж байгаа.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслол Германы Рамштайн дахь агаарын баазад зохион байгуулагдаж, НАТО-гийн агаарын хүчний командлагч Жэймс Хекэр оролцжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин дайн эхлүүлсэн нэг шалтгаанаа НАТО-гийн түрэлтийг зогсоох гэж тайлбарлаж байсан юм.

Гэвч Украины дайн Умард Атлантын эвслийг улам өргөжиж, нягтрахад хүргээд байна.

 

Эх сурвалж: Business Insider