Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Намуу: Хөсөг трейдийн уулзварын нэвтрүүлэх чадвар 34 хувиар нэмэгдэнэ

П.Зоригт, IKON.MN
2023 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ажилчны гудамж болон Эрчим хүчний гудамжны зарим хэсгийг нэг чигийн хөдөлгөөнд оруулах, Хөсөг трейдийн уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтыг өөрчлөх талаар ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Хотын төвийн эрчим массын хөдөлгөөнийг гадагш гаргахын тулд дээрх зохицуулалтыг хийж байгаа юм.

Саппорогийн уулзвар нь урагш ачаалал авч дүүрдэг. Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөн зүүнээс урагш, баруунаас урагш чиглэх хөдөлгөөн ачаалал авдаг. Үүнээс шалтгаалж Хөсөг трейдийн уулзвар дээр гэрлэн дохионы хүлээлтийн хугацаа үүсэж, улмаар түгжрэл саатал бий болгодог. Мөн урд талынх нь шинэ гурван замын уулзвар дээр эмх замбараагүй байдал үүсдэг.

Үүнээс яаж гарах вэ гэвэл, таван ширхэг гэрлэн дохионы горимтой байсан бол одоо хоёр гэрлэн дохионы горимтой болно. Ингэснээр Хөсөг Трейдийн уулзварын тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 80 секунд, явган зорчигчийн хүлээлтийн хугацаа 116 секунд, таван үетэй 130 секунд байсныг хоёр үетэй 70 секунд болгож тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацааг 35 секунд мөн явган зорчигчийн хүлээлтийг 55 секунд болгож, хөдөлгөөн нэтрүүлэх чадварыг 34.1 хувиар нэмэгдүүлэх боломжтой" гэлээ. 

Мөн "Хөсөг трейдийн дөрвөн замын уулзвар зүүн талаас зорчилт хөдөлгөөн багатай. Ихэнх урсах хөдөлгөөн хойно, урд байдаг. Энэ уулзвар дээр хүлээлтийн хугацаанд их түгжирдэг. Үүнээс шалтгаалж хотын төвийн хойноос урагш чиглэлд ачаалал өгдөг. Тиймээс нэг чигийн хөдөлгөөнд оруулснаар уулзвар дээрх хүлээлтийн хугацаа багасна. Улмаар түрүүн хэлсэнчлэн Хөсөг трейдийн уулзварын нэвтрүүлэх чадвар 34 хувиар нэмэгдэнэ.

Түүнчлэн Ажилчны гудамжийг нэг чигийн хөдөлгөөнтэй болгохтой холбоотойгоор 17 уулзвар, орц, гарцад 34 тэмдэгт байршуулна" хэмээн хэллээ.