-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-
Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.
Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.
“Мишээл групп ХХК” нь 2004 оноос өндөр зэрэглэлийн тавилга импортлон худалдаалах бизнесээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өдгөө Монгол дахь гэр ахуйн тавилгын зах зээлийн жаран хувийг хэдийнээ эзлэх болжээ. Гар урлал хийхэд зориулагдсан бараа материал, багаж хэрэгслээс эхлээд хүлэмжийн хэрэгсэл хүртэл борлуулдаг. “Мишээл барилгын их дэлгүүр”, түргэн хоолны газар, ресторанууд байрладаг “Мишээл волкинг стрийт үйлчилгээний төв”, мөн аялал жуулчлал, барилга орон сууц зэрэг чиглэлээр жилдээ тавь гаруй удаагийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг “Мишээл экспо төв”-үүдийг өөртөө багтаасан, нийт 152 ажилтантай Монголын томоохон групп компани юм.
Мишээл групп ХХК нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин, ажлын байраар ханган ажиллаж байгаа бөгөөд нийт ажиллагсдын 10 гаруй хувьд нь хараа, сонсгол, тулгуур эрхтний болон оюуны бэрхшээлтэй иргэд ажиллаж хөдөлмөрлөж байна.
Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд орох хүсэлт гаргавал эхлээд ярилцлага хийнэ. Тухайн хүнийг аль болох урт хугацаанд тогтвортой ажиллуулахын тулд ярилцлагын шатанд маш сайн ойлголцох шаардлагатай байдаг. Үнэхээр манай байгууллагад ажиллах хүсэл эрмэлзэлтэй эсэх нь тэр үед шууд харагддаг” гэж ярьсан юм.
Мишээл группийн хувьд нийт ажилчдын 80 хувь нь барилга, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, ачих зөөх зэрэг биеийн хүчний ажил хийдэг бөгөөд ажлын талаарх төсөөлөл ба бодитоор хийж гүйцэтгэх ажлын хооронд зөрүү байгаа эсэх, тохирох ажилд томилсон эсэх дээр харилцан дүгнэлт хийдэг нь тухайн ажилтан цаашид тогтвортой ажиллах гол үндэс болдог байна.
Хот тэр чигтээ шинэ жилийн гэрлэн чимэглэлээр гялтганах 2022 оны 12-р сарын дундуур бид Мишээл группийг зорьсон юм. Биднийг Хүний нөөцийн менежер Н.Отгонтуяагаас гадна хэд хэдэн хүн угтаж авсны нэг нь Н.Сарандагина байлаа. 2021 оны 11-р сараас Мишээл группт ажиллаж байгаа тэрбээр оюуны бэрхшээлтэйн дээр мэдрэлийн гаралтай саажилттай тул баруун гарын ажиллагаа муу ажээ.
Сарандагина нь Улаанбаатар хотод төрж, өвөө эмээ дээрээ өссөн нэгэн. Тэрбээр тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 63-р сургуулийг дүүргэжээ. Өвөө нь түүнийг ажил хөдөлмөр хийж, нийгмийн харилцаанд орох хэрэгтэй гэж үзэж нэг өдөр Мишээл рүү хөтлөн очжээ. Өвөө нь хэдийгээр гэрийн болоод бусад жижиг ажилд тусалж үзээгүй охиноо ажил хийж сурна гэдэгт итгэлгүй байсан хэдий ч Захиргаа хүний нөөцийн дарга Б.Төвшинтөгстэй уулзан учир байдлаа ярьжээ. Өвөөгийнх нь хүсэлтээр охинтой ярилцлага хийж үзэхэд маш сэргэлэн цовоо, хүмүүжил сайтай хүүхэд гэдэг нь шууд харагдсан гэнэ. Цэвэрлэгээ хийх нь битгий хэл алчуур ч барьж үзээгүй охин ажил хийж сурна гэдэг нэлээд хол сонсогдож байсан хэдий ч өндөр настай өвөө эмээ нь байнга асарч хажууд нь байхгүй тул хөдөлмөрт сургая, залуу хүнийг хамт олон дунд оруулж хөдөлмөрт бэлдье гэдэг дээр хамтран санал нийлсэн байна.
Хүний нөөцийн дарга, менежер эхний ээлжид оффист туслах үйлчилгээний туслахаар ажилд авч, алчуураа зөв барих, мушгих нэг чигт арчих гээд оффисын ажилтнуудыг ирэхээс өмнө бүх ажлыг ширхэгчлэн удаанаар зааж эхэлсэн. Мэдээж эхний үед сурах явц удаан алгуур дахин дахин давтсан үйлдлээр дүүрэн байсан. Мишээл группийн удирдлага, хамт олон багаараа Сарандагинатай хичээж ажилласан 15 сар ард үлджээ. Өнөөдөр баяр хөөр дүүрэн хамт олон дундаа ажилдаа ирэх Сарандагина дахин төрсөн мэт өөрчлөгдөж чаджээ.
Одоо Түүний хариуцан хийдэг ажил нь Мишээл тавилгын их дэлгүүр дэх заалны цэвэрлэгээ юм. Долоо хоногт таван өдөр, өглөө 10 цаг 30 минутаас 19 цаг 30 минут хүртэл ажилладаг. “Харахад амархан, шууд л хийж чадах юм шиг санагдсан ч яг хийгээд үзэхээр алчуураа ч олигтой мушгиж чадахгүй хэцүү байсан” гэж тэр ярив. Үүгээр ч зогсохгүй тэрбээр 9-р ангид байхдаа сургуулийнхаа спортын клубт орж, “boccia” болон “port bowl” гэсэн хоёр төрлийн спортоор хичээллэж буй boccia-гийн паралимпын Монголын шигшээ багийн тамирчин юм. Мишээл группийн зүгээс түүний тамирчны карьерыг нь дэмжиж тэмцээн уралдаанд явах зардлыг нь 100 хувь гаргаж өгдөг байна.
Н.Сарандагина: Ажил хийж эхэлснээс хойш “Чи их өөрчлөгдсөн байна”, ”Мундаг юмаа” гэх мэтээр их магтуулах болсон. Гэрийнхэн маань ч намайг их дэмждэг. Бусдын өмнө айж ичилгүйгээр ярьж чаддаг болсон маань ажилд орж, нийгмийн харилцаанд орсных гэж боддог. Сүүлийн үед өөрийн амьдралын туршлагаа бусадтай хуваалцаж, нийгмийн идэвхтэй байхыг уриалдаг лидр, манлайлагч болох юм сан гэсэн шинэ мөрөөдөл зорилготой болсон... хэмээн ярилаа.
Бүх зүйлд идэвх зүтгэлтэй Сарандагиныг ажлын хамт олон нь ихэд дэмжин тусалдаг. Ажлын хамтрагч Д.Долгор эгч нь түүнийг өөрийн охин шигээ л хайрлаж, зааж тусалдаг нэгэн. “Анх цэвэрлэгээний хэрэгслээ ч даадаггүй байсан охин одоо өөрөө бүх юмаа хийчихдэг болсон. Өвөө, эмээгийнхээ итгэлийг алдахгүй гэж их хичээж байгаа” хэмээн ярих түүний царайгаас халамж хайр мэдрэгдэж байлаа.
Цэвэрлэгээний баг нийт 9 ажилтантай. Тэднийг хариуцаж ажилладаг эмэгтэйг Ч.Түмэннаст гэдэг. Тэрбээр Н.Сарандагиныг “Жилийн өмнө барагтай л бол хүнтэй дуугардаггүй хүүхэд байсан. Одоо харин их өөр болсон. Хүмүүстэй хамтарч ажиллаад их хөгжиж өөрчлөгдсөн” хэмээн инээмсэглэв.
Хүний нөөцийн менежер Н.Отгонтуяа: “Мишээл группийн хувьд цаашид ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулах тал дээр нээлттэй ажиллах болно. Манайхыг зорьж ирсэн хэнд ч урт удаан хугацаанд тогтвортой ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх тал дээр голлон ажиллаж байгаа” хэмээн ярилаа.
Тус групп нь ажилтнууддаа чиглэсэн сургалт, аялал, төрсөн өдрийн баяр зэрэг хамт олны уур амьсгалыг сайжруулах ажлуудыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулснаар ажилтнууд харилцан бие биедээ туслах, дэмжих байдал нь илүү нэмэгдэж байгаа ажээ.
Мишээл группийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ, өдөрлөгийг зохион байгуулдаг бөгөөд 2021 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага”-аар улсын хэмжээнд шалгарч байсан бол 2022 онд Хан-Уул дүүргийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй байгууллага”-аар дахин шалгарсан байна.
Мөн дэлхийн цагаан таягтны өдрийг угтаж Монголын хараагүйчүүдийн холбоотой хамтран тэдний үйл ажиллагааг дэмжсэн арга хэмжээ, Монголын мастер тогооч нарын холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй тогооч нарын тэмцээн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Хөдөлмөрийн яармаг” зэрэг олон арга хэмжээг дэмжин зохион байгуулж бусад байгууллагуудтай нээлттэй хамтран ажилладаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй үйлдвэрлэгч нарыг хөрөнгө оруулагч нартай уулзуулах арга хэмжээ зэргийг зохион байгуулан ажиллаж байна.
Ташрамд дурдахад Мишээл групп ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Б.Төвшинтөгс нь DPUB2 төслийн шугамаар 2023 оны 2-р сард Япон улсад болсон хоёр долоо хоногийн сургалтад хамрагдаад иржээ. Тэрбээр цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлдэг ажлын байрны дадлагажуулагчаар ажиллах юм. Япон улсын ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааны туршлагыг эх орондоо нэвтрүүлэн Монголынхоо олон байгууллагад үлгэр жишээ болохуйц үйл ажиллагаануудыг явуулна гэдэгт итгэлтэй байна.
|
Байгууллагын нэр
|
“Мишээл групп ХХК” |
|
Ажилтны тоо /Мишээл групп ХХК/ |
Нийт 152 ажилтан /2022 оны 12-р сарын байдлаар/ |
|
Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо /Мишээл групп ХХК/ |
15 ажилтан /2022 оны 12-р сарын байдлаар/ /Харааны, сонсголын, оюуны, бие эрхтний, дотоод эрхтний бэрхшээл/ |
|
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах болсон шалтгаан |
Мишээл групп ХХК нь 1980 онд байгуулагдсан “Таван эрдэнэ” арьс ширний үйлдвэрийн суурин дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тухайн үед ажиллаж байсан хөгжлийн бэрхшээлтэй ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулж байгаа юм. 2004 онд “Мишээл групп ХХК” болж өргөжсөн цагаасаа одоог хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг идэвхтэй авч ажиллуулж байна. |
|
Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ |
|
ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран 2022 оны 6-р сараас “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-г хэрэгжүүлж эхлээд байна.
Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.
Холбоо барих хаяг:
Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn
Утасны дугаар: 77073008, 77032222
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!