Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Швейцарын төв банк Credit Swiss банкийг аврахад бэлэн байгаагаа мэдэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт АНУ-д дэгдсэн банкны хямрал Европ тивд халдварлаж эхлээд байна.

АНУ-ын 16 дахь том банк Silicon Valley Bank (SVB) дампуурлаа зарлахад ойрхон болсны дараа Вашингтоны эрх баригчид банкны системээ тогтворжуулах арга хэмжээ авч эхэлсэн билээ. SVB банкны дараа Нью-Йорк хотод төвтэй Signature Bank бас төлбөрийн чадваргүй болж, хаалгаа барьсан юм.

АНУ-ын засаг захиргаа дээрх хоёр банкны харилцагчдад 100 хувийн баталгаа гаргаж өгөхөөр болсон.

Тэгвэл Мягмар гарагт Швейцарын томоохон банк Credit Swiss-ийн санхүүгийн байдал хүндэрсэн тухай мэдээ цацагдаж эхэлсэн юм. Хэдийгээр банкны гүйцэтгэх удирдлага санаа зовоох зүйл байхгүйг баталсан ч хувьцааны ханш нь 24 хувиар унаж, түүхэн доод хэмжээндээ хүрчээ.

Испани, Францын зарим банкууд Credit Swiss банктай холбоотой гүйлгээг хүлээж авахгүйгээ мэдэгдсэн байна.

Лхагва гарагт Швейцарын төв банк, санхүүгийн зохицуулах дээд байгууллага хамтарч гаргасан мэдэгдэлдээ хэрвээ шаардлагатай бол Credit Swiss банканд дэмжлэг үзүүлж, хүндрэлээс гарахад нь туслахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

“АНУ-ын банкны системд үүссэн хямралтай холбоотойгоор Швейцарын банкуудад халдварлах шууд эрсдэлийн шинж тэмдэг одоогоор илрээгүй байна” гэж тус мэдэгдэлд өгүүлсэн байна.

Credit Swiss банктай холбоотой дуулиан өчигдөр Европын хөрөнгийн зах зээлийн гол индексүүдийг унагасан юм.

Тухайлбал Британийн FTSE 100 индекс 3.8 хувиар буурсан нь 2020 оны эхэн үеэс хойших хугацаанд нэг өдрийн дотор хамгийн ихээр унасан тохиолдол болжээ.

Германы DAX, Францын Cac 40, Испанийн Ibex индексүүд өчигдөр тус бүр 3, 3.5, 4 хувийн уналттай хаагдсан байна.

1865 онд байгуулагдсан Credit Swiss банкны хувьд сүүлийн жилүүдэд үйл ажиллагааны доголдол, мөнгө угаалт зэрэг хэд хэдэн дуулианд холбогдож байсан юм.

“Асуудлын гол нь энэ дуулиан дэлхий нийтийг хамарсан том хямралын эхлэл үү, эсвэл Credit Swiss банкийг тойрсон ээлжит нэгэн дуулиан уу гэдэгт байна” гэж Capital Economics байгууллагын шинжээч Эндрью Кэннингэм сошиал хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: BBC