Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

ЭХЗХ: Оройн оргил ачааллын үед хэрэглэж дууссан цахилгаан хэрэгслээ тэжээлээс салгах зэргээр бодит хэмнэлт хийх хэрэгтэй

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн гуравдугаар сарын 15-нд Олон улсын хэрэглэгчийн эрхийн өдөр тохиодог.

Монгол Улсад энэ өдрийг 2008 оноос хойш тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жилийн хувьд “Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэв.

Эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад түлхүү ач холбогдол өгч, хэрэглэгчдэд мэдлэг ойлголт өгөхөөр өнөөдөр төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” өдөрлөгийг зохион байгуулсан байна. 

ШӨХТГ-ын дарга Ц.Уртнасан "Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 90 орчим хувь нь нүүрсээр, 10 орчим хувь нь сэргээгдэх эрчим хүчээр хангагдаж байна. Мөн Монгол Улс барилга хот байгуулалт, хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг дэд бүтцийн тэргүүлэх салбаруудтайгаа хамтарч хүлэмжийн хийг 2030 он гэхэд 27.3 хувиар бууруулах үүрэг амлалт авсан. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтарч ажиллаж байгаа ажлуудын нэг нь өнөөдрийн өдөрлөг болж байна" гэлээ. 

"Эрчим хүчний хэмнэлтэд иргэн бүрийн оролцоо чухал"

Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос "Эрчим хүчний хэмнэлтэд иргэн бүрийн оролцоо чухал. Иргэн бүр хэрэглээгээ хуваарилж, оройн оргил ачааллын үед хөргөгч, хөлдөөгчөө түр салгах, цэнэглэж, хэрэглэж дууссан цахилгаан хэрэгслээ тэжээлээс салгаж бүрэн унтраах, хүнгүй өрөөний гэрлийг унтраах, хийн зуух ашиглах гэх мэтээр бодит хэмнэлт хийснээр эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломжтой.

Өрх бүр хэмнэлттэй, ухаалаг хэрэглэж хэвшвэл эрчим хүчний хүрэлцээг нэмэгдүүлэх, шавхагдашгүй нөөцтэй сэргээгдэх эрчим хүч, цэвэр эрчим хүч үйлдвэрлэлийн аргаар хүлэмжийн хий бууруулах боломж бүрдэнэ" гэсэн юм. 

Эрчим хүчний хүчний хэмнэлтийн хууль болон Агаарын тухай хуулиудад: 

Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, машин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох урамшууллыг Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.1.8, 6.1.11-д заасан журмаар зохицуулна.

Агаарын тухай хуулийн 6.1.8, 6.1.6-т агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох, цахилгаан эрчим хүч, хийн түлшний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг тогтоох, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлэх гэсэн байдаг байна. 

“Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” арга хэмжээ эрчим хүчний хэмнэлттэй технологи, дулаан хангамж, цэвэр эрчим хүчний талаарх ойлголт мэдээлэл, хэрэглээнд нэвтрүүлэх ач холбогдлыг иргэдэд нээлттэй өгчээ.