Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэг айл 20 кВт хүртэл сэргээгдэх эрчим хүч хэрэглэх зөвшөөрөлтэй байдаг"

П.Зоригт, IKON.MN
2023 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр гуравдугаар сарын 15-нд тохионо.

Үүнтэй холбогдуулан “Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах талаар Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-аас мэдээллээ. 

Энэхүү үйл ажиллагааны зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, хүлэмжийн хийг бууруулах хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэгчдэд таниулж сурталчлахад оршино гэдгийг оролцогчид онцлов. Нээлттэй өдөрлөгт Сэргээгдэх эрчим хүч үйлдвэр эрхлэгчдийн холбоо, Амины орон сууц инновац хөгжлийн төв зэрэг 30 гаруй байгууллага хамтран оролцох аж. 

"Өнөөдөр бидэнд эрчим хүчний хомсдол тулгамдаж буй асуудал болоод байна. Тиймээс ч сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн зөв зүйтэй ашиглах вэ гэдэг нь чухал" гэдгийг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны гишүүн н.Батболд хэллээ. 

Тэрбээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм. 



-Та эрчим хүчний хомсдолтой байгаа талаар хэлж байна. Олон улсад эрчим хүчний салбарын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчийг амины орон сууцандаа шууд ашиглаж буй айл өрхийн тоо хэр олон байна вэ?

-Монгол Улс өвлийн оргил ачааллын үед цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүчний дутагдалд ордог. ОХУ-аас 210 МВт-ын импортыг өдөр тутам хийдэг бөгөөд түүгээр оргил ачааллаа хаадаг.

Бид энэ хомсдолыг яаж давах вэ гэдэг асуулт бий. Тиймээс тархмал эх үүсвэр буюу айл өрхүүд сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж, хомсдолоос гарахад тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, эерэг үзүүлэлтүүд гарч болно.

Сэргээгдэх эрчим хүчийг өдөрт нь нараар үйлдвэрлэж, улмаар түүнийгээ зай хураагуурт нь хураагаад оройн оргил ачаалалд нь цахилгаан эрчим хүчээ төвийн эрчим хүчний системд нийлүүлэх боломж байдаг. Мөн ОХУ руу шөнийн бага ачааллын үед маш их эрчим хүчийг хямд үнээр экспортолдог.

Тухайн хямд үнээр экспортолж байгаа цахилгаан эрчим хүчийг бид шөнө нөөцлүүртээ нөөцөлж, оргил ачаалалтай үед ашиглах боломжтой техник, технологи олон улсад аль хэдийн нэвтэрсэн. Үүнийг бид амины орон сууцанд ашиглах ёстой. 

-Эрчим хүчний хэрэглээ өдөр тутам нэмэгдэж байна. Малчин айл өрхүүдийг харж байхад оройн цагаар гэрэл асаах, зурагт үзэх маягаар сэргээгдэх эрчим хүчийг ашигладаг. Харин төв суурин газар амьдарч буй айл өрхүүд өндөр хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчийг ашиглахын тулд дунджаар хэдий хэмжээний хураагууртай байх хэрэгтэй вэ? 

-Эрчим хүчний яамнаас гаргасан журмын дагуу нэг айл 20 кВт хүртэл сэргээгдэх эрчим хүч хэрэглэх зөвшөөрөлтэй байдаг. Гэхдээ 20 кВт-ын цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэсэн ч цаад хэрэглээндээ бүтэн 20 кВт-аар ирж чадахгүй.

Ялангуяа, нарны эрчим хүчний ашигт үйлийн коэффициент 20-25 хувь байдаг. Тиймээс 20-25 хувийг тооцож бодох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр 10 кВт орчим хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, таван кВт цагийн чадалтай батарей хураагуур ашиглахад зохимжтой.

Гэхдээ ямар тоног төхөөрөмж, ямар сэргээгдэх эрчим хүчний шинэ технологи ашиглах вэ гэдгээс илүү тухайн амины орон сууц дулаан алдагдал багатай байх ёстой. Тиймээс эрчим хүчний алдагдал багатай пассив хаусыг барих хэрэгтэй. Майхан бариад дотор нь ямар ч сайхан юм тавиад халааж чадахгүйтэй адил.