Беларусийн нийслэл Минск хотын ойролцоо агаарын баазад байрлаж байсан Оросын цэргийн нисэх онгоцыг жагсаалаас гаргаснаа тус улсын сөрөг хүчнийхэн өчигдөр мэдээлжээ.
Энгийн дрон ашиглан халдлагыг зохион байгуулснаа Беларусийн BYPOL партизаны бүлгийн толгойлогч Александр Азаров сошиал хуудсандаа зарласан байна.
BYPOL нь ерөнхийлөгч Александр Лукашенкогийн дэглэмийн эсрэг тэмцэх зорилготой нууц байгууллага бөгөөд Беларусийн хууль сахиулах албанд ажиллаж байсан хүмүүс үүсгэн байгуулжээ.
“Халдлагын цаана дронууд байлаа. Ажиллагааг гүйцэтгэгчид нь Беларусийн иргэд байв. Тэд одоо бүгд аюулгүй, хилийн чанадад байгаа” гэж Азаров мэдээлсэн байна.
Тэрбээр ажиллагааг хэдэн сарын турш бэлдэж, энгийн дронуудыг халдлагад ашиглахын тулд өөрчилснөө Польшийн хэвлэлд ярьжээ.
Беларусийн партизануудын халдлагад Оросын тагнуулын зориулалттай Бериев A-50 нисэх онгоц өртсөн гэнэ. Уг онгоц нь агаарт нэг зэрэг 60 объектын хөдөлгөөнийг хянах чадвартай тандалтын техник байжээ.
Минск хотоос 12 км зайтай оршдог агаарын баазад байрлаж байсан нисэх онгоц ноцтой гэмтэж, дахин ашиглах аргагүй болсныг Азаров ярьсан байна.
BYPOL-ийн мэдээлснээр бол нэг бүр нь $330 саяын үнэтэй Бериев А-50 загварын нисэх онгоц Оросын армид нийт есөн ширхэг байдаг гэнэ. Тэдгээрийн нэг нь ийнхүү ажиллагаагүй болжээ.
Тэдний зохион байгуулсан халдлагын тухай мэдээлэл гуравдагч эх сурвалжаар баталгаажаагүй байна. Гэхдээ Оросын болон Беларусийн батлан хамгаалах чиглэлээр бичдэг блогчид Ням гарагт дээрх агаарын баазад дэлбэрэлт болсныг баталжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос өчигдөр тодруулахад “Бидэнд энэ талаар өгөх мэдээлэл алга” гэж сэтгүүлчдэд хариулсан байна.
Гадаадад дүрвэсэн Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановскаягийн хэвлэлийн төлөөлөгч “Энэ бол 2022 оны эхнээс хойш бидний зохион байгуулсан хамгийн амжилттай ажиллагаа боллоо. Ажиллагааг Беларусийн хоёр иргэн дронуудын тусламжтай гүйцэтгэсэн. Тэд одоо хилийн чанадад аюулгүй нөхцөлд байна” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Бериев А-50 онгоцыг Илюшин ачаа тээврийн нисэх онгоцны суурин дээр бүтээсэн юм байна. Анх 1980-аад оны дундуур ашиглаж эхэлсэн энэ онгоц одоо ч Оросын зэвсэгт хүчний чухал техникүүдийн нэгд тооцогддог. Нийтдээ 40 ширхэг үйлдвэрлэгдсэнээс сүүлийн байдлаар ес нь Оросын зэвсэгт хүчинд идэвхтэй ашиглагдаж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!