Мягмар гарагт АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотын зөвлөл ялгаварлан гадуурхалтай тэмцэх хуульдаа кастын системийг хориглох заалтыг нэмж оруулжээ.
Ингэснээр тус хот кастын системийг хуулиар хориглосон АНУ-ын анхны хот болж байна.
Хүмүүсийг гарал угсаа, нийгмийн байр сууриар нь ялгаварлан эрэмбэлдэг кастын систем 3,000 орчим жилийн өмнө Энэтхэгт анх бий болж байжээ.
Кастын системийг Энэтхэг улс Британийн колоничлолоос чөлөөлөгдсөн 1948 оноос хойш хориглосон ч нийгэмд нь амь бөхтэй оршсоор байдаг. Пирамид хэлбэртэй уг системийн дагуу Далит гаралтай хүмүүс нийгмийн хамгийн доод давхаргад ангилагдаж, хамгийн их ялгаварлан гадуурхагддаг байна.
АНУ бол Энэтхэг гаралтай цагаачдынхаа тоогоор дэлхийд хоёр дугаарт бичигддэг улс юм.
1980 онд тус улсад 206,000 энэтхэг цагаач байсан бол 2021 онд 2.7 сая болж өссөн байна. Энэтхэгээс гадна Бангладеш, Бутан, Балба, Пакистан, Шри Ланка зэрэг Өмнөд Азийн бусад орнуудын цагаачдын тоог нийлүүлбэл 5.4 саяд хүрчээ.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд АНУ-ын хэд хэдэн их сургууль, коллеж кастын системийг хориглосон зохицуулалтыг өөрийн дотоод дүрэм журамдаа нэвтрүүлсэн юм.
Тухайлбал 2019 оны арванхоёрдугаар сард Бостон хотын ойролцоо оршдог Брэндейс их сургууль кастын системийг тусгайлан хориглосон АНУ-ын анхны боловсролын байгууллага болж байв.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
|