Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс виски ундааны дэлхийн хамгийн том худалдан авагч болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд вискиний импортоор Энэтхэг улс Францын байр суурийг булааж, дэлхийн хамгийн том худалдан авагч орон болсныг SWA (Scotch Whisky Association) буюу Шотланд Вискиний Холбоо өчигдөр мэдээлжээ.

Гэхдээ энэ нь импортын тоо хэмжээгээр гаргасан үзүүлэлт бөгөөд үнийн дүнгээр эрэмбэлэхэд АНУ дэлхийд тэргүүлсэн байна. Энэтхэг улс өнгөрсөн онд 219 сая лонх виски импортолсон нь 2021 оны хэмжээнээс 60 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

АНУ 2022 онд шотланд виски импортлоход $1.27 тэрбумыг зарцуулжээ. Үнийн дүнгээр эрэмбэлэхэд Энэтхэг улс тавдугаарт жагссан байна.

Харин Франц улс тоо хэмжээ болон үнийн дүнгээр аль алинд нь дэлхийд хоёрдугаарт жагсжээ.

Энэтхэг улсад “blended” буюу хямд үнэтэй вискиний хэрэглээ илүү өндөр байдаг нь худалдаж авсан үнийн дүнгээр бус, тоо хэмжээгээр тэргүүлэхэд нь нөлөөлсөн байна.

Гэхдээ хүн амын амьжиргааны түвшний өсөлтийг дагаад “single malt” буюу илүү өндөр үнэтэй вискиний эрэлт бас нэмэгдсээр байгаа ажээ.

Сүүлийн арван жилд Энэтхэгийн импортын хэмжээ 200 гаруй хувиар өссөн бөгөөд цаашдаа ч өсөх ирээдүйтэй гэж судлаачид үзэж байна.

Одоогоор импортын вискинд 150 хувийн татвар оноогдуулдаг нь Энэтхэгийн дотоодын үйлдвэрлэгчдийн лоббитой холбоотой гэнэ.

Удаан хугацаанд яригдаж буй Энэтхэг-Их Британийн худалдааны гэрээ байгуулагдвал импортын тариф буурч, нийлүүлэлт нэмэгдэнэ гэж SWA найдаж байгаа юм байна.

 

Эх сурвалж: BBC