Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Англи хэлээр уншиж сурах амархан"

ikon.mn
2023 оны 2 сарын 3
Сурталчилгаа

Унших гэдэг яг л төсөөллийн аялал. Хуудас эргүүлэх бүрдээ та өөр газарт очдог. Ном унших үед хүний тархи кино театр болж бодит, хүнд хэцүү ертөнцөөс түр ч гэсэн амсхийх боломж олгодог. Та автобусанд, гэртээ, орондоо, угаалгын өрөөнд ч уншиж болно.

Харин та гадаад хэл сурах хамгийн сайн аргуудын нэг нь унших гэдгийг мэдэх үү? Бүр тэр дундаа англи хэлээр өөрийнхөө түвшинд тохирсон богино номыг уншиж сайжруулах боломжтой гэдгийг уншлагын марафоныг улс даяар санаачлан хэрэгжүүлж буй Монголын Хил хязгааргүй уншлагын холбооны Гүйцэтгэх захирал Б.Алтанзагастай бид ярилцлаа.

зураг
 

- Сайн байна уу? Та өөрийгөө товч танилцуулаач.

Энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Бат-Амгалангийн Алтанзагас гэдэг. Сонирхолтой байж магадгүй гэдэг үүднээс өнөөдрийн яригдах сэдэвтэй холбогдуулан өөрийгөө танилцуулъя. Миний хувьд 2019 оноос эхлэн Англи хэл дээр хялбаршуулсан ном уншиж, англи хэлээ сайжруулж байгаа ном унших дуртай уншигч байна. Одоогийн байдлаар 400-аад ном, 3 сая орчим үг уншжээ. Ажлын хувьд “Extensive Reading Foundation”-ын Монгол дахь гишүүн салбар байгууллага болох “Mongolian Extensive reading association”-ын Гүйцэтгэх захирлаар ажилладаг.

- Та холбооныхоо үйл ажиллагааны чиглэлийн талаар болон сүүлийн үед хийж байгаа арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өгөх үү?

Манай холбооны хувьд Монгол улсад “extensive reading” аргачлалыг түгээн дэлгэрүүлэх замаар бүх нийтийн англи хэлний боловсролд хувь нэмрээ оруулах болон энэ чиглэлийн судалгаа, шинжилгээ хийх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. “Extensive reading” гэдэг нь товчхондоо өөрийн түвшинд тохирсон, сонирхсон ном, богино эх, өгүүллэгийг унших, сонсох замаар гадаад хэлийг үр дүнтэй суралцах шилдэг аргачлал юм. Энэхүү аргачлалын онцлог нь англи хэл суралцагчдын үгсийн санг сайжруулах, дүрмийн мэдлэгийг бататгах, тухайн хэлээр чөлөөтэй бодож сэтгэхэд нь туслах гэх мэт маш олон давуу тал бий.

Манай холбоо энэхүү аргачлалд тулгуурлан Лингорс байгууллагын Xreading олон улсын цахим номын сантай хамтран уншлагын марафоныг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулсаар ирсэн. Яг одоогоор бид “Насанд хүрэгчдийн уншлагын марафон”-ыг зохион байгуулахаар бүртгэлээ явуулж байна. Англи хэлээ сайжруулах хүсэлтэй хүн бүр уншлагын марафонд оролцох нь нээлттэй.

- Англи хэлний уншлагын марафон гэж юу вэ? Хэзээнээс, яагаад зохион байгуулж байгаа талаар мэдээлэл өгөөч.

Марафон гэхээр хүмүүсийн санаанд хамгийн түрүүнд “Гүйх” юм байх даа гэж бодож байж магадгүй. Өмнө нь марафонд бүртгүүлсэн юмаа, хаанаас барианд гарах вэ? гэсэн утасны дуудлага, чат ирж байсан тохиолдол байгаа. (инээв)

- Уншлагын марафон бол англи хэл суралцагчдыг үр дүнтэй идэвхжүүлж, англи хэлэнд дурлуулдаг.

Англи хэлний уншлагын марафоныг 2019 оноос эхлэн “Mongolian Extensive reading association”-оос санаачлан Lingors- той хамтран жил бүр зохион байгуулж байна. Марафоны 21 хоногийн хугацаанд долоо хоног бүр өгөгдсөн өөр өөр болзлуудыг амжилттай биелүүлснээр барианд орох юм. Болзлын хувьд унших үгийн тоо, сонсох минут, уншсан номын тэмдэглэл, бүтээлч пост зэргээс бүрддэг. Уншлагын марафоноор дамжуулж, оролцогчдын англи хэл дээр унших дадлыг нь бий болгож, түвшнийг нь богино хугацаанд сайжруулах зорилготой байдаг.

- Уншина гэхээр зузаан цаасан номууд унших уу? Анхан шатны хүмүүс яах вэ?

Аан за, тэгэхээр Xreading virtual library буюу цахим номын сангаас онлайн номууд уншиж оролцох юм. Цааш нь ярьж эхлэхээсээ өмнө цахим номын сангаа товч танилцуулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Цахим номын сан маань Cambridge, Macmillan, National geographic learning, Соllins, Sunshine, Grass roots, E-future зэрэг дэлхийн алдартай 30+ хэвлэлийн компанийн 1,700+ хялбаршуулсан номоос бүрддэг. Номын төрлүүдийн хувьд шинжлэх ухаан, түүх, хувь хүний хөгжил, танин мэдэхүйн чиглэлийн болон дэлхийн сонгодог зохиолуудыг хүртэл багтаасан номын олон сонголттой байгаа.

Гол онцлог нь анхан шатнаас ахисан шат хүртэл буюу 1-14 түвшинд бичигдсэн номууд байдаг тул анхан шатны түвшинтэй оролцогчдын хувьд 1-р түвшнээс уншиж эхлэх боломжтой. Уншихад хүндрэлгүй байвал түвшнээ ахиулаад уншаад байж болно гэсэн үг. Тиймээс чадахгүй болов уу гэж эмээх хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Мөн ихэнх ном аудиотой учраас дуудлагаа зэрэг сайжруулах бүрэн боломжтой.

- Энэ удаагийн марафон ямар онцлогтой зохиогдож байгаа вэ?

2022 онд Монгол Улсын Засгийн Газраас “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих” урт хугацааны хөтөлбөр батлан хэрэгжүүлж эхлээд байгаа. Манай зүгээс хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор энэ удаагийн Марафоныг зарлаж байгаагаараа онцлогтой гэж хэлж болно. Түүнчлэн “гутал муут гурвын ард” гэдэг монгол ардын үг маань орчин үед гадаад хэлгүй бол гурван хүний ард болж өөрчлөгдсөн гэж хэлэхэд болохоор байна. (инээв)

- Анх удаа хамрагдаж байгаа хүмүүст яаж явагддаг талаар мэдээлэл өгөөч. Хэрхэн оролцох вэ?

Манай уншлагын марафоны хувьд хэдийнээ брэнд арга хэмжээ болжээ. Нэг удаагийн марафонд дунджаар 2000-3000 оролцогчид гараанаас гарч, дийлэнх нь амжилттай барианд ордог байгаа. Анх удаа хамрагдах гэж байгаа оролцогчдодоо хандаж хэлэхэд чадах болов уу, яах бол гэж эргэлзэхгүй шууд бүртгүүлээд, оролцоод үзэхийг санал болгож байна. 2023 оны эхэнд өөрийгөө сориорой гэж уриалъя. Өмнө нь дурдсан марафоны болзлын хувьд биелүүлэхэд тийм ч хэцүү биш байдаг. “Mongolian Extensive reading association” -ын пэйж хуудас болон Lingors хуудсаар, www.lingors.com хаягаар зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, 2/10-с өмнө бүртгэлээ баталгаажуулаарай. Марафонд оролцоход ямар нэг хураамжгүй бөгөөд та зөвхөн XReading олон улсын цахим номын сангийн эрхтэй байхад болох юм.

- Уншлагын марафонд хамрагдах нь ямар үр дүн, давуу талтай вэ?

Зарим хүмүүсийн хувьд англи хэлээ сайжруулах хүсэлтэй боловч цаг гаргаж чадахгүй байх, эсвэл хэрхэн ямар аргаар сайжруулахаа мэдэхгүй гацсан тохиолдлууд түгээмэл байдаг. Уншихаар дамжуулан англи хэлийг сайжруулах нь олон улсад үр дүнтэй нь батлагдсан арга тул цаг алдалгүй шууд туршаад үзээрэй. Ер нь бол марафонд оролцохын давуу тал нь бусадтай өрсөлдөх гэхээс илүүтэй, болзлоо биелүүлж, өөрийн англи хэлээ сайжруулахад бодит үйлдэл хийхэд л байгаа юм.

Харин унших дадлыг бий болгох, унших урам зоригийг тань бадраахад олуулаа хамтдаа гараанаас гарах Англи хэл дээрх Уншлагын марафон том түлхэц болно шүү. Мэдээж бариандаа амжилттай орох эсэх нь оролцогч таны англи хэлийг суралцах чин хүсэл, зорилгоос тань шалтгаална. Амжилт хүсье :)

- Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.

Хэрвээ та насанд хүрэгчдийн уншлагын марафонд оролцохыг хүсвэл доорх холбоосоор бүртгүүлээрэй.

Бүртгүүлэх: forms.gle/fdX2jx7CcZ2jevHZ6

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: www.facebook.com/lingors

зураг
 
Уншигчийн сэтгэгдэл: 
https://www.facebook.com/lingors/videos/1452813711594878/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.