Даатгалын салбар нь хуримтлагдсан капиталыг үр ашигтай хөрөнгө оруулалт болгож, эрсдэлийг удирдаж, санхүүгийн зах зээлийг тогтворжуулж, арилжаа худалдааг дэмжиж байдаг үндэсний эдийн засаг дахь чухал салбар билээ. Гэвч манай улсын хувьд даатгалын салбар нь нийт эдийн засагт 0.6% эзэлж байгаа нь дэлхийн дундаж 7%, хөгжиж буй орнуудын дундаж 3.3%-тай харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм.
Манай улсын санхүүгийн салбарт банкны салбар үлэмж давамгайлах үүрэг оролцоотой байсаар ирсэн бол сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл эрчимтэй өсөн хөгжиж байна. Тэгвэл дараагийн өсөлт Санхүүгийн Зохицуулах Хорооны удирддаг гурав дахь салбар буюу даатгалын салбарт гарах юм биш байгаа гэсэн хүлээлт цөөнгүй санхүүгийн шинжээчдийн дунд байна.
Даатгалын салбарын өсөлтийг хурдасгахад уг салбарыг зохицуулж буй хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэж салбарын мэргэжилтнүүд үздэг. Жишээлбэл 2011 онд батлагдсан Жолоочийн албан журмын даатгалын тухай хууль батлагдсанаар даатгалын салбарт эрчимтэй тэлэлт явагдаж байв. Тэгвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт даатгалын салбарт дараагийн өсөлтийн давлагааг авч ирэх боломжтой гэж салбарынхан харж байна.
Монгол Улсын 2023 оны төсөв 20 их наяд төгрөгөөр батлагдсан. Үүний 15 орчим их наяд төгрөг нь урсгал зардал буюу цалин, тэтгэмж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардалд зарцуулагдах бол үлдэж буй 5 их наяд орчим төгрөг төрийн худалдан авалтад зарцуулагддаг.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерт оролцогчид болон тендерт шалгарсан иргэд, аж ахуйн нэгж /ААН/-ээс тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгаа, чанарын баталгаа шаарддаг. ААН-үүд уг баталгааг Засгийн газрын бонд, банкны баталгаа, гадаадын хуулийн этгээд бол Монгол Улсын буюу гадаадын банкны баталгаа, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаас хэлбэрээр гаргуулж авдаг.
Банкны баталгааг ААН-үүд бэлэн мөнгө байршуулж, эсхүл зээл хэлбэрээр судлуулан авдаг нь зарим ААН-үүдийн хувьд тендерт оролцох боломжгүй болох эсвэл банкны баталгаанд эргэлтийн хөрөнгө түгжихээс өөр аргагүй байдалд ордог. 2021 оны байдлаар тендерийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа гэсэн 3 төрлийн баталгааны нийлбэр 280 тэрбум төгрөг байгаа бөгөөд энэхүү хөрөнгө 2026 он гэхэд 360 тэрбум төгрөгт хүрэх төсөөлөлтэй байна. Тэгвэл баталгааны даатгалын үйлчилгээ бий болсноор ААН-үүд банканд мөнгөө түгжилгүйгээр аливаа тендерт оролцох боломжийг олгож байгаа юм.
Мөн даатгалын салбарын үндсэн хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, үйл ажиллагаа нь идэвхжээд зогсолгүй нийт эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээ ч нэмэгдэх юм.
Үүнээс гадна баталгааны даатгалын үйлчилгээ нь ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг хөнгөвчилж өгч байгаа юм. Олон мянган залуу гэр бүлүүд урьдчилгаа төлбөрийн асуудлаас шалтгаалан хүний анхдагч хэрэгцээ болох орон байраар хангагдаж чаддаггүй. Тэгвэл баталгааны даатгалаар дамжуулан даатгалын компани ипотекийн зээлдэгчийн 30 хувийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг даатгалын компаниуд батлан даах боломжтой болж байгаа юм. Ингэснээр ипотекийн зээлд илүү олон иргэд хамрагдаж, үл хөдлөх хөрөнгийн салбар ч идэвхжих боломжтой болж байна.
Энэ онд Гамшгийн эрсдэлийн даатгалын тухай хууль, Даатгалын тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтүүд батлагдах төлөвтэй байна. Эндээс харвал Засгийн Газар, УИХ-ын зүгээс 2023 онд даатгалын салбарыг шинэчилж, хөгжлийг нь түргэсгэхэд ихээхэн анхаарал хандуулах бололтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!