"Чингис хааны өвийг Монгол Улсад нутагшуулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн хуульчлах" саналыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлж буй талаараа Чингис Хааны Дэлхийн Академийн Ерөнхийлөгч П.Давааням "Монгол ньюс мэдээллийн төв"-д хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Тэрбээр "Үндсэн хуулийн 1.1 дүгээр заалтад улсын үнэ цэнийг тодорхойлох учиртай. Тус хуулийн 1.2-т Ардчилсан улс гэдэг үг бий. Үүний өмнө уламжлал гэдэг үг тавих ёстой.
Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой заалт дээр Монголын ард түмний эрх, үүрэг гэж тусгаж өгөх нь зөв. Үндсэн хууль 16 бүлэгтэй бол хүн төрөлхтний соёл иргэншлийн талаар тусгасан 17 дугаар бүлгийг нэмэх хэрэгтэй. Чингис хаан бол хүн төрөлхтний дээдийн төлөөлөл юм.
Үндсэн хуульд шинэчлэл, өөрчлөлт хийх нь чухал. Хоёр парламенттай болох, язгууртны тухай асуудлыг дэлхийд баталгаажуулах ёстой. Язгууртныг хүлээн зөвшөөрөх үү үгүй юу гэдгээ Үндсэн хуульд нарийн тусгах хэрэгтэй.
Мөнх тэнгэрийн хүч ивээг гэдэг үүднээс Монгол Улсын, хүн төрөлхтний өнөөгийн болон ирээдүйн үнэт зүйлийг боловсруулж байгаа. Удахгүй хүлээлгэж өгнө. Төр, засгийн тэргүүнд бичгээр албан ёсоор гардуулна. Улмаар хамтраад дэлхий дахины соёл иргэншилд том дэвшил авчрах юм. 800 гаруй жилийн турш бүдгэрсэн үнэт зүйлийг 14 жилийн дотор сэргээж чадлаа. Даван туулахад хүнд ажил байлаа. Энэ ажлыг Чингисийн алтан ураг л даван туулна гэдэг нь тодорхой. Уг асуудлыг Үндсэн хуульд тусгах нь зүйтэй.
Өнөө болон ирээдүйн дэлхийн соёл иргэншлийн төвийг Монголд бий болгох шаардлагатай. Олон улсын шүүх мөн хэрэгтэй байна. 2009 онд дэлхийн том хунтайж нар хүрэлцэж ирэхэд төрийнхөн хүлээж авсан. Улмаар хандив гуйсан байдаг. Харин гавьяа байгуулсан хүнээ буюу намайг хүлээж аваагүй.
З.Энхболдыг УИХ-ын дарга байх үед нь манай байгууллагын төлөөлөл уулзахад "П.Даваанямыг тэнгэрээсээ буу гэж хэлээч" гэж хэлсэн байсан. Янз бүрийн гүтгэлэг тарааж, замбараагүй үйл явдалд турхирсан. Энэ бүхнийг таслан зогсоох учиртай. Бүх юм эзэнтэй шүү" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
70 СЭТГЭГДЭЛТЭЙ
|