Гүрж улсын ерөнхийлөгч асан Михаил Саакашвили өчигдөр шүүх хуралд шоронгоос видео холбоогоор оролцохдоо хэр их турж эцсэнээ харуулжээ.
Одоо 55 настай тэрбээр ерөнхийлөгч байхдаа албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдсэнд буруутгагдаж, 2021 онд зургаан жилийн хорих ял сонссон юм.
Өнгөрсөн хугацаанд Саакашвили хэд хэдэн удаа өлсгөлөн зарласнаас эрүүл мэнд нь эрс мууджээ.
Түүнийг зориуд хордуулсан тухай яриа хүртэл гарч байв. Өчигдрийн шүүх хуралд оролцсон өмгөөлөгч нар нь түүнд гадаадад эмчлүүлэх боломж олгохыг эрх баригчдаас уриалж байжээ.
2021 оны аравдугаар сард хоригдож эхлэхдээ Саакашвилигийн биеийн жин 115 кг байснаа өнөөдөр 68 кг болсныг эмнэлгийн тэмдэглэлд бичсэн байна.
Гүржийн эрх баригчид экс ерөнхийлөгчөө хугацаанаас өмнө суллагдахын тулд зориудаар бие, эрүүл мэндээ дордуулж байна гэж буруутгадаг.
Михаил Саакашвили 2004-2013 онуудад Гүрж улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
Дараа нь тэр Украин улсын засгийн газарт янз бүрийн алба хашиж байв. Тухайлбал тэр Одесс мужийн захирагч, ерөнхийлөгч Володимир Зеленскийн зөвлөхөөр хүртэл ажиллаж байжээ.
Зеленский өчигдөр Гүржийн эрх баригчдыг Саакашвилигийн амийг санаатай хөнөөх зорилготой гэж буруутгасан байна.
“21 дүгээр зууны Европ тивд хүнийг олны нүдэн дээр цаазлах оролдлоготой тэмцсээр байгаа нь гутамшиг юм” гэж твиттер хуудсандаа бичсэн Зеленский хүний эрхийн хэм хэмжээг дагаж мөрдөхийг Гүржийн талд уриалжээ.
Өчигдрийн шүүх хуралд оролцохдоо Саакашвили украин хэлээр ярьж, “Би Украин хүн” гэсэн бичигтэй цамц өмсөж, суллагдахаас нь өмнө нас барвал Киевт оршуулахыг захиж байсан тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
|