Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн уурхайгаас тээвэрлэх замд хаягдсан цацраг идэвхт бодистой капсулыг олжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Австралийн эрх баригчид долоо хоногийн өмнөөс хайж эхэлсэн цацраг идэвхт бодис агуулсан капсулыг олсноо өнөөдөр зарлажээ.

Тус улсын алс баруун хязгаарт 1,400 км урт замын хаа нэгтээ хаягдсан өчүүхэн жижиг хэмжээтэй капсулыг хайх нь “өвсөн дундаас зүү эрэх”-тэй адил хэцүү ажил байв.

6 мм диаметр, 8 мм урттай капсулд Цезий 137 хэмээх цацраг идэвхт бодис байсан юм. Уг бодисыг уул уурхайн салбарт ашигладаг бөгөөд Рио Тинтогийн уурхайгаас бүс нутгийн төв Перт хотод хүргэх замд гээгдсэн байна.

Ийм бодист ойртсон хүний арьс түлэгдэхээс эхлээд удаан байвал хорт хавдар үүсгэх аюултай ажээ.

Туслан гүйцэтгэгч компанийн автомашин Кимберли дэх Рио Тинтогийн Гудай-Дарри уурхайгаас нэгдүгээр сарын 12-ны өдөр аюултай бодисыг тээвэрлэн авч явсан байна. Харин замдаа гээгдсэнийг нэгдүгээр сарын 25-ны өдөр л мэджээ.

Капсулыг хадгалсан хайрцгийн дөрвөн боолтын нэг нь тайлагдсан байсныг энэ үеэр илрүүлсэн байна. Замын донсолгоонд бэхэлгээ нь суларч, завсар зайгаар унасан байж болзошгүй гэж таамаглажээ.

Рио Тинто компани цацраг идэвхт бодисыг гээж, нутгийн ард иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулсандаа уучлал гуйж байв.

Эрлийг Баруун Австрали мужийн онцгой байдлын алба гүйцэтгэж, холбооны засгийн газраас цацраг идэвхт бодис илрүүлэгч багаж төхөөрөмжөөр тусалж байжээ.

 

Эх сурвалж: BBC