Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-гийн үр дүнг 11 дэх жилдээ танилцууллаа.
Тайлангийн үр дүнгийн талаар судлаач Д.Мөнгөнжигүүр "2021, 2022 оны аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлсэн хэвээр байна. Эхэнд эрэмбэлэгдсэн зургаан аймгийн хувьд өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөөгүй. Харин Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймаг нь хамгийн бага оноо авч, сүүлд эрэмбэлэгдсэн" гэв.
Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгийг тэргүүлсэн болон сүүл мушгисан аймгууд:
Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо 65 болсон нь өнгөрсөн жилийнхээс зургаан оноогоор буурсан үзүүлэлт юм. Нийт гурван аймгийн өрсөлдөх чадварын оноо нэмэгдсэн бол үлдсэн 18 аймгийн оноо өнгөрсөн оныхтой харьцуулахад өсөөгүй байна.
Хэдийгээр Булган, Завхан, Говь-Алтай аймаг 18, 19, 20 дугаар байрт жассан ч өмнөх онтой харьцуулахад оноогоо ахиулжээ.
Түүнчлэн Орхон аймаг ерөнхий үнэлгээ эрэмбийн хувьд өөрчлөгдөөгүй ч 2.6 оноогоор буурчээ. Үүнд хөдөлмөрийн зах зээлийн бүтээмж, хүн амын амьжиргааны түвшин голчлон нөлөөлжээ.
Дархан-Уул аймгийн хувьд эрэмбийн байр өөрчлөгдөөгүй ч 10 оноогоор багассан нь нийгмийн тогтолцоо, соёлын үзүүлэлтээс шалтгаалсан байна.
Өмнөговь аймаг дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдсэн нь хэвээр боловч 6.7 оноогоор буурсан нь бизнесийн эрх зүйн үзүүлэлт суларсантай холбоотой аж.
Хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймагт бизнесийн үр ашиг сул байгаа нийтлэг зүйл ажиглагджээ.
21 аймгийн бизнес эрхлэгчдээс тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шийдлийг талаар нээлттэй асууж, судалсан байна. Тэд "Бизнесийн орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг ил тод болгох, эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулах, агаар орчны бохирдлыг багасгах" гэсэн асуудлуудыг дэвшүүлсэн байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!