ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Сонсголын бэрхшээлтэй иргэн гарын ураа гарган ажиллаж буй “Holiday Inn Ulaanbaatar” зочид буудал

ikon.mn
2023 оны 1 сарын 30
ikon.mn
зураг
 

-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.

“Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт” Сайн жишээ №12 “Holiday Inn Ulaanbaatar” зочид буудал

Бахархалтайгаар ажиллах ажлын байрнаас итгэлцэл бий болдог

зураг
 
С.Болд нь сонсголын бэрхшээлтэй бөгөөд өмнө нь ажиллаж байсан цонх хаалганы үйлдвэрт олж авсан ур чадвараа ашиглан зочид буудлынхаа модон эдлэлийг шинээр хийж засварлахаас гадна буудлын дотоод заслыг ч хийдэг. Тэрээр ямар ч зузаан хувцас өлгөхөд гудайхааргүй бат бөх өлгүүр хийсэн нь зочид буудлын давхар бүрд байрлаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй 5 одтой зочид буудал

зураг
 
“Холидэй Инн Улаанбаатар” зочид буудал нь Англид төвтэй, дэлхийд 5900 салбар бүхий Интер Континентал Хотел групп /IHG/-ын нэг бөгөөд гадаадын жуулчид төдийгүй төрөл бүрийн хурал семинар, уулзалт, тэмдэглэлт үйл явдал зохион байгуулагддаг таван одтой зочид буудал юм.

Ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатарын морьт хөшөө байрлах талбайгаас баруун хойш 15 минут орчим алхахад тэнгэр баганадсан өндөр барилга байх нь “Холидэй Инн Улаанбаатар” зочид буудал юм. Англид төвтэй, дэлхийд 5900 салбар бүхий Интер Континентал групп /IHG/-ын нэг бөгөөд гадаадын жуулчид үйлчлүүлэхээс гадна төрөл бүрийн хурал семинар, уулзалт, тэмдэглэлт үйл явдал зохион байгуулагддаг таван одтой зочид буудал юм.

Уул уурхай, барилга,  бараа бүтээгдэхүүний импорт зэрэг бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг Макс группийн охин компани болох “Макс хотелс” ХХК нь 2016 онд байгуулагдсан ба 2022 оны 11 сард 6 жилийн ойгоо угтжээ. Үүдний хүлээн авах хэсгээс эхлээд зочдын өрөө, үдэшлэгийн танхим, ресторан гээд ариун цэврийн өрөө хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүн ашиглахад тохиромжтой, хүртээмжийн асуудал бүрэн шийдэгдсэн болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт семинар, арга хэмжээ олноор зохиогддог байна.

зураг
 
Хүний нөөцийн менежер Ч.Чимгээ /зүүн гар тал/, Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б.Алтангэрэл /зүүн гар талаас хоёр дахь/, Инженер техникийн албаны Ерөнхий инженер Р.Цэрэнханд /баруун гар тал/ нарын хамт нүүр дүүрэн инээмсэглэн зогсох Болд.

Олон улсын хэмжээний зочид буудлын группт багтдаг учраас “Холидэй Инн Улаанбаатар” нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд ч мөн ач холбогдол өгч ажиллаж байна. Одоогийн байдлаар нийт 111 ажилтны хоёр нь сонсголын бэрхшээлтэй ажилтан бөгөөд нэг нь “Холидэй Инн Улаанбаатар” зочид буудал байгуулагдаад хоёр жил болж байхад буюу 2018 онд анхны хөгжлийн бэрхшээлтэй ажилтан болон орсон ба ажилчдын хоолны газарт тогоочоор ажилладаг байна. Харин 2019 онд сонсголын бэрхшээлтэй иргэнийг мужаанаар ажилд авчээ.

Тус зочид буудалд дээрх хоёр ажилтнаас гадна хоёр хөгжлийн бэрхшээлтэй ажилтан байсан боловч бэрхшээлийн хувьд харьцангуй хүнд, үйлчилгээний байгууллагын ачаалал их байсан тул өөрсдийн хүсэлтээр ажлаасаа гарчээ. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд дэлхийд нүүрлэсэн цар тахал зочид буудлуудын үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлсэн билээ. Гэхдээ өнгөрөгч оноос аажмаар хэвийн үйл ажиллагаандаа орж байгаатай холбогдуулан, 2023 оны 3-р сараас шинэ ажлын байрны зарууд гаргах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Хүний нөөцийн менежер Ч.Чимгээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд орох хүсэлт гаргавал, үйлчилгээний байгууллагын нарийн шаардлагад нийцэж байвал харилцан тохиролцсоны үндсэн дээр ажилд авахад татгалзах зүйл байхгүй” хэмээн хэлж байлаа. Тус зочид буудал нь хуульд заасан квотоо хангах үүднээс 2023 оны эхний хагас гэхэд хөгжлийн бэрхшээлтэй хоёр ажилтныг нэмж ажилд авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд квот харгалзалгүй дуртайяа хүлээн авах юм байна.

Туршлага, ур чадвараа бүрэн ашиглан ажиллаж байна

Хүйтний эрч чангарч эхэлсэн 12-р сарын эхээр Холидэй Инн Улаанбаатар зочид буудлыг зорилоо. Тэр үед биднийг угтсан хүмүүсийн нэг бол Инженер техникийн албаны  ажилтан мужаан С.Болд юм. Тэрбээр өмнө нь Макс группийн салбар компани болох цонх хаалганы үйлдвэрт ажиллаж байжээ. Одоо долоо хоногийн таван өдөр буюу даваагаас баасан гаригт, өдөрт 8 цаг тус зочид буудалд ажиллаж байна.

зураг
 
Зочид буудлын 20 давхарт байрлах баарны текний хэсгийг Болд хийжээ.

Болд бол төгсгөл рүүгээ нарийссан том нүдтэй, мөрөө хүрсэн урт үстэй бөгөөд зэрвэс харахад зохиолч юм уу жүжигчин гэмээр өвөрмөц төрхтэй нэгэн. Тэрбээр одоо 53 настай. Хэвлэлийн үйлдвэрт ажилладаг аав, сувилагч ээж хоёрын дундаас, дөрвөн хүүхэдтэй айлын хамгийн том нь болон мэндэлжээ. Мэдээ орох арай болоогүй бага балчир байхдаа өндөр халуурч, харамсалтай нь тэр үед тарьсан тарианы улмаас сонсголоо алдсан гэнэ.

Дунд сургууль хүртлээ тусгай сургуульд явж байгаад 16 настайдаа аавынхаа ажиллаж байсан хэвлэлийн компанид орж, ном наах ажилд томилогджээ. Тухайн ажил нь түүнд их тохирсон ажил байсан боловч, 2001 онд тус компани дампуурч, өөрийн гэсэн мэргэжил эзэмших хэрэгтэй болов. Аз болж мужааны сургалтад хамрагдан, цонх хаалганы үйлдвэрт ажилд орж, тэндээ арав гаран жил ажиллаж, арвин туршлага хуримтлуулжээ. Хувийн амьдралын хувьд, 25 настай байхдаа сүмд нэгэн бүсгүйтэй танилцаж улмаар гэр бүл болжээ. Тэр хоёр одоо хоёр сайхан хүүтэй. Том хүү нь одоо 29 настай, ресторанд зөөгч хийдэг ба бага хүү нь дунд сургуулийн сурагч гэнэ. Хоёр хүү нь ямар нэгэн сонсголын бэрхшээлгүй бөгөөд олон улсын нэршлээр тэд CODA /Children of Deaf Adults/ сонсголын бэрхшээлтэй эцэг эхээс төрсөн сонсголын бэрхшээлгүй хүүхдүүд юм.

2019 онд Болдын ажиллаж байсан цонх хаалганы үйлдвэр татан буугдаж, тэрбээр “Холидэй Инн Улаанбаатар”-т шилжин ажиллах болов. Олон жилийн ажлын туршлагынхаа ачаар хамт олондоо богино хугацаанд үнэлэгдэн, итгэлийг нь олж авчээ.

“Ширээ, сандал, ор гээд модон эдлэл бол юуг ч хийчихдэг. Үнэхээр чадварлаг ” хэмээн Инженерийн албаны ерөнхий инженер Р.Цэрэнхандыг хэлэхэд, Болд бага зэрэг ичсэн байдалтай инээмсэглэв. Хасах 30 хэм давсан өвлийн тэсгэм хүйтэнд өмсдөг зузаан зузаан гадуур хувцсыг хэдийг ч өлгөсөн гудайхааргүй бат бөх, бас загварлаг өлгүүрүүдийг богино хугацаанд хийж бэлэн болгожээ.

зураг
 
20 давхрын хэсгийг засварлаж буй байдал. Болд инженерийн багийн хамт олноо ахлан гүйцэтгэжээ. /Зургийг Холидэй Инн Улаанбааараас авав/

Болд модон тавилга төдийгүй дотоод засал хүртэл хийчихнэ. 2022 оны 12-р сард Катарт хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголд ч мөн адил хөл бөмбөгийн фэнүүд цугларч хөгжөөн дэмжсэн ба, түүнийг угтан тус зочид буудлын хамт олон 20 давхарт байсан VIP өрөөг засварлан хөл бөмбөг үзэх зориулалтын баар болгон шинэчлэн засварлахаар 11 сард засварын ажлыг яаравчлан эхлүүлжээ. Инженерийн албаны баг хамт олон дизайныг нь гаргаж, засварын ажлыг Болд ахлан 10 хоногийн дотор хийж дуусгасан гэнэ.    

“Ажлын хамт олон бол миний хоёр дахь гэр бүл”

зураг
 
Цэрэнханд өмнө нь сонсголын бэрхшээлтэй хүнтэй ажиллаж байгаагүй ч Болдыг эртнээс мэддэг байсан учир хамтарч ажиллахад тийм ч бэрхшээлтэй байгаагүй гэнэ.

Болдын харьяалагддаг Инженер техникийн албаны Ерөнхий инженер Цэрэнханд гэдэг. Тэрбээр Макс группийн барилгын компанид ажиллаж байсан бөгөөд 3 жилийн өмнөөс Холидэй Инн Улаанбаатарт ажиллаж байгаа ажээ. Цэрэнханд өмнө нь сонсголын бэрхшээлтэй хүнтэй ажиллаж байгаагүй ч Болдыг эртнээс мэддэг байсан учир хамтарч ажиллахад тийм ч бэрхшээлтэй байгаагүй гэнэ.

Инженер техникийн алба нийт 6 ажилтантай. Цахилгаанчин, сантехникч гээд арын албыг хариуцан ажилладаг чухал алба юм. Болдын хувьд модон эдлэл хийх засварлах ажлыг бүхэлд нь хариуцаж хийдэг. “Инженер техникийн албаныхан дотор дохионы хэлээр ярьдаг хүн байхгүй ч чат болон дохио зангаа ашиглан төвөггүй ойлголцдог.

Бүгд л миний гарын хөдөлгөөн, амны хайрцгийг ажиглан ойлгохыг хичээдэг. Зүгээр л энгийн бэрхшээлгүй хүн шиг харилцдаг. Миний хувьд ажил минь хоёр дахь гэр, хамт олон минь миний хоёр дахь гэр бүл юм” гэж хэлээд Болд инээмсэглэл тодруулав. Түүнийг харж суусан Инженер техникийн албаны ерөнхий инженер Цэрэнханд ч “Болд ах их сайхан сэтгэлтэй, тэгээд бас маш цэвэрч. Ажлын хувцсаа бохирдох болгонд нь сольдог” гээд инээв.

зураг
 
20 давхрын VIP өрөөг дахин засварлаж, Инженерийн албаныхантайгаа хамтран хийсэн баарны текний өмнө инээмсэглэн зогсох Болд / зүүн гар талаас хоёр дахь/ болон Инженер техникийн албаны Ерөнхий инженер Цэрэнханд /зүүн гар талаас эхнийх/, Хүний нөөцийн менежер Чимгээ /баруун гар талаас хоёр дахь/, Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан менежер Алтангэрэл /баруун гар талаас эхнийх/

Жилийн өмнөөс ажилтнуудын хөдөлмөр, аюулгүй байдал хариуцан ажиллаж буй менежер Б. Алтангэрэл бол Инженерийн албаныхантай хамгийн ойр ажилладаг хүмүүсийн нэг юм. Тэр ч мөн адил Болд мужааны гарын ур ухаанд бүрэн найддаг гэнэ. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар урьд нь нарийн  ойлголтгүй, бэрхшээл болгон онцлог ялгаатай гэдгийг мэддэггүй байсан” хэмээн яриагаа эхлэв. Тэрбээр үргэлжлүүлэн “Болд ахтай хамт ажиллаж эхэлснээс хойш хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ямар бэрхшээлтэйгээсээ шалтгаалаад хийж чаддаг, чаддаггүй зүйл нь өөр байдаг гэдэг энгийн юм шиг хэрнээ маш нарийн зүйлийг анзаарч ойлгосон” гэв.

Алтангэрэл “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх вий гэж их санаа зовдог юм шиг санагддаг. Тэд ажил дээр гарсан ч гэсэн тэр санаа зовнил нь байх вий гэдэг дээр хамт олон нь ач холбогдол өгч, анхаарч ажиллах хэрэгтэй гэж боддог. Зочид буудлын ажил бол манайхыг зорьж ирсэн үйлчлүүлэгчдийн янз бүрийн хүсэлт шаардлагад нийцүүлэн ажиллах шаардлагатай байдаг. Тийм учраас бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулахдаа бэрхшээлийн талаар сайн ойлголт, мэдлэгтэй  байх шаардлагатай. Манай зочид буудал ажлын байрны сэтгэл ханамжийн судалгаагаар групп дотроо тэргүүлсэн. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжиж ажиллах тал дээр ч манлайлан ажиллахаар төлөвлөж байна” хэмээн ярив.

Хүн нэг бүрийн өөрчлөлт байгууллагын өөрчлөлтийг авчирна

зураг
 
Шилдэг ажилтнаар шалгарч өргөмжлөл гардан авч буй Болд /зургийг Холидэй Инн Улаанбаатараас авав/

2022 оны зуны нэгэн өдөр Болд сайхан мэдээ авчээ. Компаниас сар бүр нийт ажилтны саналаар “Шилдэг ажилтан”-ыг шалгаруулдаг ба 7-р сарын шилдгээр Болд шалгарч, компанийн фэйсбүүк хуудсанд тэр мэдээ нь тавигджээ. Харин 10-р сарын шилдэг ажилтнаар ажилчдын хоолны газарт ажилладаг сонсголын бэрхшээлтэй эмэгтэй шалгарсан байна.

Болдын өмнө нь ажиллаж байсан  цонх хаалганы үйлдвэрийн ажил нь илүү мэргэжлийн ур чадвар шаарддаг байсан ч одоогийн ажил нь бүх төрлийн модон эдлэл хийх, засварлах шаардлагатай учраас нэг талаараа олон талын ур чадвар шаардагддаг гэнэ.  

“Энд ирснээсээ хойш хийсэн бүх зүйлээрээ бахархдаг” хэмээн ярих Болдын царайнаас нээрээ л ажлаараа бахархсан, сэтгэл хангалуун байгаа байдал мэдрэгдэж байлаа.

Болд энд ажиллах болсноор ганц түүнд өөрчлөлт гараагүй юм. Хүний нөөцийн менежер Чимгээ “Болд ахын хийсэн гадуур хувцасны өлгүүр буудлын нэг давхраас хоёр давхар руу өгсөх шатны хажууд байрладаг бөгөөд буудлаар үйлчлүүлэх бүхий л хүмүүс өглөө үдэшгүй ашигладаг. 20 давхрын баараар ч зочид олноороо үйлчлүүлдэг. Энэ мэтчилэн хийсэн зүйл нь бодитой харагдаж, хэрэглэгдэж байгаа болохоор бусад ажилтнууд ч үүнээс үлгэр дуурайлал авч байгаа болов уу гэж боддог. Ажилчдын хоолны газарт ажилладаг сонсголын бэрхшээлтэй ажилтан маань ч гэсэн буудлын ажилтнуудаар зогсохгүй хоолны газраар үйлчлүүлдэг бүхий л ажилчдад эерэг нөлөө үзүүлдэг гэдэгт итгэлтэй байдаг” хэмээн ярьсан юм.

Чимгээ ярианыхаа төгсгөлд, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил ажиллаж хөдөлмөрлөж байгааг харсан хүмүүсийн ухамсарт өөрчлөлт гарч байгаа нь мэдрэгддэг” гээд, “Бид цаашдаа DPUB2 төслөөс зохион байгуулдаг сургалт семинарт өөрийн ажилтнуудыг үргэлжлүүлэн хамруулж, үйлчилгээний байгууллагын онцлогийг ойлгож мэдэрдэг ажлын байрны дадлагажуулагчийн тусламжтайгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулах өндөр сонирхолтой байна” хэмээн төслийн үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлж байлаа.

Таван одтой зочид буудал болох “Холидэй Инн Улаанбаатар” нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийцсэн хүртээмжтэй байгууллага гэдгээрээ Монголдоо анхдагч гэж хэлж болох бөгөөд олон улсын чанар, стандартыг хангасан байдлаараа Монголын нийгэмд ихээхэн нөлөө үзүүлж ирсэн гэхэд хэн ч маргахгүй биз ээ. Тус зочид буудал болон DPUB2 төсөл хамтран ажиллаж, ажлын байрны дадлагажуулагчийн дэмжлэг бүхий хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажил эрхлэлтийн жишээг бодитоор хэрэгжүүлж чадвал Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиг хандлагад шинэ давлагааг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

Байгууллагын мэдээлэл: 

Байгууллагын нэр

“Макс Хотелс” ХК

Үйл ажиллагааны чиглэл

Холидэй Инн Улаанбаатар зочид буудал

Ажилтны тоо /”Макс Хотелс” ХХК/

Ойролцоогоор 111 хүн /2023 оны 1 сарын байдлаар/

Ажилтны тоо /Инженер техникийн алба/

6 хүн /2023 оны 1 сарын байдлаар/

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо /Макс Хотелс ХК/

2 хүн /2023 оны 1 сарын байдлаар/

 Сонсголын бэрхшээлтэй

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо /Инженер техникийн алба/

1 хүн /2023 оны 1 сарын байдлаар /

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулах болсон шалтгаан

Олон улсын хэмжээний таван одтой зочид буудлын хувьд нийгмийн хариуцлага талаасаа авч ажиллуулсан

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

  • Ажилтантай ярилцлага хийх үедээ үйлчилгээний байгууллагын шалгуурт нийцэж буй эсэхэд гол анхаарлаа хандуулдаг.
  • Тухайн ажилтны туршлага болон чадварт тохируулан  алба хэсэгт томилдог.
  • Хичээнгүйлэн ажиллаж байгаа ажилтнаа урамшуулан сар бүр “Шилдэг ажилтан” шалгаруулж, байгууллагын мэдээллийн хуудсанд байршуулан сурталчилдаг.

 Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ:

ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран 2022 оны 6-р сараас “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-г хэрэгжүүлж эхлээд байна.

Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.

Холбоо барих хаяг:

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn

Утасны дугаар: 77073008, 77032222

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг