“Хай Пэймэнт Солюшнс” ХХК албан ёсны түнш болох БНХАУ-ын “Wechatpay” цахим төлбөр тооцооны системийн үйлчилгээг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэвтрүүллээ. Ингэснээр БНХАУ-ын иргэд “Hipay” аппликейшн нэвтрүүлсэн Замын-Үүдийн 40 гаруй аж ахуйн нэгжээр үйлчлүүлэхдээ “Wechatpay”-ээр буюу юаниар төлбөрөө төлөх боломж бүрдлээ. Үүний тулд зөвхөн “Wechat”-ынхаа “Scan QR” кодыг уншуулахад хангалттай юм.
БНХАУ нь урт хугацаанд баримталсан “Тэг Ковид” бодлогоо зөөлрүүлэн энэ сарын 8-нд хилээ нээснээр хоёр улсын иргэдийн зорчих хөдөлгөөн хязгаарлалтгүй болж, худалдааны эргэлт мэдэгдэхүйц сайжрах төлөвтэй байгааг Эдийн засагчид хэлж байгаа юм. Ийм үед “Хай Пэймэнт солюшнс” ХХК “Wechatpay”-ээр үйлчлүүлэх боломжийг нээж өгсөнд Замын-Үүд суманд худалдаа, үйлчилгээ эрхлэгчид сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн юм.
“Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь дотоодын 4000 гаруй аж ахуй нэгжтэй хамтран ажилладаг бөгөөд цаашид “Wechatpay”-г ашиглах боломжийг өргөжүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр БНХАУ-ын иргэд төдийгүй тус улсаар дамжин Монгол Улсад зорчин аялж байгаа иргэд юаниар төлбөрөө төлж, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэх болно.
Цахим төлбөр тооцооны иж бүрэн, найдвартай экосистем хөгжүүлэгч “Хай пэймэнт солюшнс” ХХК нь 2021 оны 11 дүгээр сард БНХАУ-ын “Wechatpay” төлбөр тооцооны цахим системтэй албан ёсны хамтрагч байгууллага болсон юм. Ингэснээр Монгол Улсаас хамтран ажиллагч хоёр дахь албан ёсны байгууллага болж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!