Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны эрх баригчид бослогод оролцсон хоёр эрэгтэйг дүүжилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ираны тусгай албаны офицерын амийг хөнөөсөн хэргээр Тегераны дэглэм өчигдөр хоёр босогчийг дүүжилжээ.

Цаазлуулсан Мохаммад Махди Карами, Сейд Мохаммад Хоссейни нар нь тус улсад есдүгээр сарын дундуур эхэлсэн иргэдийн бослого тэмцэлд оролцсон хүмүүс юм.

Ингэснээр босогчдоос цаазлуулсан хүний тоо нийтдээ дөрөв болж байна.

Цаана нь өөр 26 хүн цаазын ялаа хүлээж буй гэсэн мэдээлэл бий.

Тегераны шүүх дээрх хоёр босогчид өнгөрсөн сард цаазын ял оноож байжээ.

зураг
 

Тэд давж заалдсан ч Ираны дээд шүүх Мягмар гарагт ялыг хэвээр үлдээсэн байна.

Ираны шүүх тэднийг тусгай албаны офицер Рухоллах Ажамяны амийг хөнөөхөд голлон оролцсон гэж буруутгажээ.

Харин яллагдагчид өөрсдөд нь эрүү шүүлт тулгаж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэж үзээд давж заалдаж байв.

Өрнөдийн орнууд болон олон улсын хүний эрхийн байгууллагууд шүүхийн шийдвэрийг “худал, хуурмаг жүжиг” гэж шүүмжилж байна.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, шашны хатуу дэг ёсыг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл Иранд эхэлснээс хойших дөрвөн сар орчим хугацаанд 516 хүн Тегераны дэглэмийн гарт амиа алдсаны 70 нь хүүхэд байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд нийтдээ 19,262 хүн баривчлагдсан гэж Human Rights Activists байгууллага мэдээлжээ.

Дэглэмийн талаас цэрэг, цагдаагийн 68 албан хаагч амь үрэгдсэн гэсэн тоо байна.

 

Эх сурвалж: BBC