Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар М.Баярааг томилжээ.
Тэрбээр “Ажлаа аваад халтиргаа, гулгаа, хогийн асуудалд анхааран ажиллаж байна. Зургаан дүүрэгт газар дээр нь ажиллалаа. Төв замуудад халтиргаа харьцангуй гайгүй байгаа ч нарийн цэвэрлэгээг хангалтгүй хийж байна.
Замын нууханд үлдсэн давс, бодис, цасыг цэвэрлэдэггүй, автобусны буудалд гулгаа их үүсжээ. Иймээс нарийн цэвэрлэгээг сайтар хийх шаардлагатай байгаа. Давс, бодисын хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
3,600 тонн давс, 1,450 тонн бодисын нөөцтэй байгаа. 15 вагон бодис орж ирж байгаа. Эхний гурван вагон буюу 2,300 тонн бодис буусан. Дүүргүүдэд бодис хангалтгүй байгаа тул дүүргүүдэд олгохоор төлөвлөсөн” гэлээ.
Золбин нохой, муурын устгалд сумны асуудал хөндөгддөг. Энэ квотыг хот өөрөө авах хүсэлтээ Хууль зүйн яаманд өгч байгааг хэлэв.
Нэг тэрбум төгрөгийн давс, бодисын тендер зарлах ёстой ч зарлаагүй, зохион байгуулалтыг хийгээгүй хугацаа алдсан гэх үндэслэлээр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Ганболдыг ажлаас нь чөлөөлсөн билээ. Түүний оронд М.Баярааг томилсон байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагийн товч танилцуулга:
Гадаад хэлний багш, санхүүгийн удирдлагын бакалавр, олон улсын хөгжлийн мэргэжлээр магистр зэрэгтэй юм. Мөн Их Британид англи хэл менежмент, БНСУ-д Төсөл санхүүгийн удирдлага, Японд Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах цогц аргачлал, БНХАУ-д Засаг захиргаа, орон нутгийн хөгжлийн төлөвлөлт чиглэлээр суралцсан.
Ажлын туршлагын тухайд:
2004-2006 онд “Эм-Си-Эс холдинг”-д төслийн зохицуулагч
2006-2007 онд Японы олон улсын Жайка байгууллагад төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн
2009-2011 онд “Эм Ти Си партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2011-2012 онд Хөгжлийн банкны төслийн санхүүжилтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
2013-2016 онд Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтсийн дарга
2016-2017 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
2017-2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2020-2022 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд хятад, англи, япон, орос хэлтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!