Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын гадаад харилцаа 2013 онд...

ГХЯ
2013 оны 12 сарын 27
iKon.MN

-Гадаад харилцааны яамны 2013 ОНЫ ОНЦЛОХ 13 АЖИЛ-

103 орны 800 орчим төлөөлөгч оролцсон Сайд нарын VII бага хурал

1. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын бага хурал

Дэлхийн 140 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн ардчиллын төлөөх томоохон хөдөлгөөн болох АОХН-ийг манай улс идэвхи санаачлагатай даргалж, 103 орны 800 орчим төлөөлөгч оролцсон Сайд нарын VII бага хурлыг 4 дүгээр сарын 27-29-нд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан нь манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөсөн чухал арга хэмжээ болсон.

“Монгол Улсын хөгжлийн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалт

2. Дэлхийн Эдийн засгийн Чуулга Уулзалттай хамтран ажиллав

Тус байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол улсын хөгжлийн стратегийг боловсруулах, олон улсад сурталчлахад томоохон дэвшил гарах эхлэл тавигдав. Энэ хүрээнд 9 дүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Монгол Улсын хөгжлийн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалт нь манай улсын урт хугацааны хөгжлийн хувилбаруудыг тодорхойлох, оновчтой зөв шийдлийг хамтран эрэлхийлэх, хөгжлийн бодлогын олон талт хэлэлцүүлгийг чанаржуулахад бодитой хувь нэмэр болсоны зэрэгцээ Монгол Улс бол хөрөнгө оруулахад нээлттэй, ардчилсан орон гэдэг үндсэн ойлголтыг гадаад оролцогчдод бататган хүргэж, олон улсын анхаарлыг татсан ач холбогдолтой арга хэмжээ болов.

Олон улсын нийт 63 баримт бичиг, гэрээг байгуулав

3. Түүхэнд байгаагүй олон гэрээ хэлцэл, баримт бичиг

Энэ жил хоёр талын болон олон улсын нийт 63 баримт бичиг, гэрээг байгуулав. Европын Холбоотой “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”, АНУ-тай “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр”, Японтой “Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр” Хятадтай “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр” байгуулсан нь түүхэн чухал үйл явдлууд байв.

4. Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалахад анхаарав

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн төсвийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг өргөжүүлэв. Түүнчлэн Монголчууд олноор суурьшсан гадаад орны зарим хотуудад монгол хэлээр сургалт явуулдаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжиж, монгол хэлний сурах бичиг хүргүүлэх, гадаадад байгаа Монгол иргэдийн байгуулсан сайн дурын холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс Индонез, Бразилд ЭСЯ шинээр нээн ажиллуулах, Афганистанд ЭСЯ-ны үйл ажиллагааг сэргээн ажиллуулах, Туркийн Истанбул, Киргизийн Бишкек-т Ерөнхий консулын газар, Хятадын Хайлаар, Өмнөд Солонгосын Пусанд Консулын газар нээн ажиллуулахаар болов.

Гадаад орнуудад суугаа монгол иргэдийн 68.2 хувь нь саналаа өгөв

5. Сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгуульд гадаад орнуудад суугаа монгол иргэдийн саналыг авах ажлыг анх удаа зохион байгуулав. Салбар комиссуудад нийт 6233 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлж, баталгаажуулснаас 4248 буюу сонгогчийн 68.2 хувь нь саналаа өгөв.

3 улстай бүх төрлийн паспорттой иргэд визгүй зорчих хэлэлцээр байгуулав

6. Иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөв

Энэ онд Турк, Беларусь, Серби гэсэн 3 улстай бүх төрлийн паспорттой иргэд визгүй зорчих хэлэлцээр байгуулав. Түүнчлэн Бруней, Колумб, Перу, Кувейт, Мьянмар гэсэн 5 улстай дипломат, албан паспорттой иргэд, Франц, Герман гэсэн 2 улстай цахим дипломат паспорттой иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулсан нь цаашид энгийн паспорттой иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх эхний шат болж байна.

7. Олон улсын хамтын ажиллагааны сан

Монгол Улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн замнал, туршлагыг хөгжиж байгаа бусад улстай хуваалцах зорилгоор Олон улсын хамтын ажиллагааны сан байгуулав. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг мөрдлөг болгон өөрийн орны ардчилсан үйл явцын туршлагаас хуваалцах, олон улсын тавцанд нэр хүнд, байр сууриа бэхжүүлэх, гадаадын зарим улстай хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтыг дипломат үйл ажиллагааны зөөлөн хүчний бодлогоор дамжуулан хэрэгжүүлэхэд энэ сангийн үйл ажиллагаа ихээхэн ач холбогдолтой юм.

ЗХА-ийн Эмэгтэй парламентчдын уулзалтыг Улаанбаатарт анх удаа зохион байгуулав

8. Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ

Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг намжаах, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах нь манай гадаад бодлогын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хельсинкийн үйл явц”-ыг жишээлсэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг эхлүүлэх санаачлагыг дэвшүүлсэн бөгөөд энэхүү санаачлагыг холбогдох талуудад мэдэгдэж, таниулах, татан оролцуулах замаар санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллав. Түүнчлэн ЗХА-ийн Эмэгтэй парламентчдын уулзалтыг Улаанбаатарт анх удаа зохион байгуулав.

18 улсын гадаад хэргийн сайд нар манай улсад айлчлав

9. Дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ эрс нэмэгдэв

Хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх зорилтын хүрээнд энэ онд дээд, өндөр түвшинд гадаадад 14, өөрийн улсад 21 буюу нийт 35 айлчлал, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ханган ажиллав. Тухайлбал, Польш, Канад, Европын комиссын ерөнхийлөгч, Хятад, Дани, Польш, Финланд, Өмнөд Солонгосын парламентын дарга, Япон, Турк, Тайланд, Беларусийн ерөнхий сайд нар манай улсад айлчлав. Түүнчлэн Их Британи, Франц, Шинэ Зеланд зэрэг 18 улсын гадаад хэргийн сайд нар манай улсад айлчлав. Энэ нь манай улсын хоёр хөрш болон гуравдагч хөрштэй хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж буйн илрэл юм.

11 улстай дипломат харилцаа тогтоох албан мэдээнд гарын үсэг зурав

10. Шинээр 11 улстай дипломат харилцаа тогтоов

НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд энэ онд Антигуа ба Барбуда, Эритрей, Бурунди, Вануату, Палау, Суринам, Сьерра Леон, Того, Уганда, Руанда, Микронези гэсэн 11 улстай дипломат харилцаа тогтоох албан мэдээнд гарын үсэг зурав. 

НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоосноор олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд өсч, байр суурь нэмэгдэхийн зэрэгцээ хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна.

21 аймагт ажилласны дээр бүх яам, агентлаг, орон нутгийн гадаад харилцааны ажилтнуудад сургалт зохион байгуулав

11. Гадаад харилцааны “Нэг цонх”-ны бодлого

Манай улсын гадаад харилцаа улам бүр өргөжин тэлж буй өнөө үед гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, бусад улсад өөрийн улсын талаар үнэн бодитой мэдээлэл өгөх, хөрөнгө оруулагчдад тогтвортой, ойлгомжтой орчин бүрдүүлэх үүднээс “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам” боловсруулж, Засгийн газраар батлуулав.

Энэхүү журам батлагдсанаар төрийн байгууллагуудын эрх, үүргийг тодорхой болгох, хариуцлагыг өндөржүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Мөн энэ чиглэлээр Гадаад харилцааны яамны удирдлагууд 21 аймагт ажилласны дээр бүх яам, агентлаг, орон нутгийн гадаад харилцааны ажилтнуудад сургалт зохион байгуулав. 

“Ирээдүйн төлөөх шилдэг бодлогын шагнал” хүртэв

12. Дэлхийн ирээдүйн төлөө зөвлөлөөс “Ирээдүйн төлөөх шилдэг бодлогын шагнал” хүртэв

Төр, засаг, соёл урлаг, иргэний нийгэм, академи болон бизнесийн салбарт дэлхийд нэрд гарсан зүтгэлтнээс бүрдсэн олон улсын нэр хүнд бүхий байгууллага -Дэлхийн ирээдүйн төлөө зөвлөлөөс таван улсын бодлогыг өндөрөөр үнэлж “Шилдэг бодлогын шагнал” олгосны дотор цөмийн зэвсгээс ангид статусаа хуульчилж, түүнийгээ олон улсын хэмжээнд баталгаажуулах талаар хэрэгжүүлж ирсэн Монгол Улсын бодлогыг үлгэр жишээч бодлого хэмээн үзэж шалгаруулав. Энэ тухай 10 дугаар сарын 23-нд НҮБ-ын Төв байранд болсон “Ирээдүйг тодорхойлсон бодлогын шагнал”-ыг гардуулах үеэр зарлав. 

Соёлын өвүүд ЮНЕСКО-д бүртгэгдлээ

13. Соёлын өвүүд ЮНЕСКО-д бүртгэгдлээ 

Түүх соёлын хосгүй дурсгалт өв, 1819 онд бүтээгдсэн, 111 боть “Есөн эрдэнийн Ганжуур” судрыг Дэлхийн баримтат өвөөр бүртгүүлэн баталгаажуулж дэлхийд данслуулав. Мөн Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит 8 дугаар хуралдаанаар “Монгол уран бичлэг” болон “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад  оролцогчид санал нэгтэй бүртгэлээ.