Сөүл хотод байр худалдаж авахын тулд дундаж айл өрх 14 жилийн цалингаа 100 хувь зориулахаар байгааг Өмнөд Солонгосын газар, дэд бүтэц, тээврийн яам өчигдөр мэдээлжээ.
Тус яам 2021 оны наймдугаар сараас 2022 оны нэгдүгээр сарын хооронд 51,000 өрхийг судалгаанд хамруулсны үр дүнд дээрх тооцоог гаргасан юм байна.
Нийслэл Сөүл хотыг хүрээлсэн Гёнги мужид байр авахын тулд 10 жилийн турш бүх цалингаа хураах шаардлагатай байгааг бас тооцоолжээ.
Өмнөд Солонгосын засгийн газар үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг хязгаарлахад сүүлийн жилүүдэд нэлээд анхаарал тавих болсон юм. Энэ ажлын хүрээнд дээрх судалгааг зохион байгуулжээ.
2021 онд тус улсад “байрны үнэ/орлогын харьцаа” хэмээх үзүүлэлт дунджаар 10.1 хүрсэн нь түүхэн дээд хэмжээ болсон байна.
2020 онд энэ харьцаа 8 байсан бол 2008-2019 оны хооронд 6.7-6.9 байжээ.
Бүс нутгаар нь авч үзвэл 2021 онд дээрх үзүүлэлт нийслэл Сөүл хотод 14.1 хүрсэн нь хамгийн өндөр хэмжээ болсон байна.
Харин “түрээсийн үнэ/орлогын харьцаа” гэдэг өөр нэг үзүүлэлт өнгөрсөн онд Өмнөд Солонгос даяар бага зэрэг буурсныг судалгаа харуулжээ.
Тухайлбал энэ үзүүлэлт өнгөрсөн онд үндэсний хэмжээнд 15.7 болж, өмнөх жилээс 0.9 нэгж хувиар буурсан байна.
Харин нийслэл Сөүл хотод эсрэгээрээ бага зэрэг өсөж, 2020 оны 21.3-аас 2021 онд 21.6 болж өсжээ. Өөрөөр хэлбэл энэ нь Сөүл хотын айл өрхүүд байр түрээслэхэд сарын орлогынхоо 21.6 хувийг зарцуулдаг гэсэн үг юм.
Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын хэмжээнд нийт айл өрхүүдийн 60.6 хувь нь өөрийн эзэмшлийн байр сууцанд амьдарч байжээ.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!