Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Алтай: Хөрөнгийн биржийн IPO бол Монголын хөрөнгийн зах зээлийн шинэ түүхийн эхлэл юм

ikon.mn
2022 оны 12 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийг нээлттэй хувьцаат компани болгохоор шийдвэрлэсэн ба энэ талаар МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа. 

- Шинэ сэргэлтийн бодлогод төрийн өмчит компаниудыг үе шаттайгаар хувьчлах заалт туссан. Хөрөнгийн биржийн хувьчлалыг энэ бодлогын амжилттай эхлэл гэж харж байна. Хөрөнгийн бирж нь хувьчлагдаагүй улс манайхаас өөр бий юу, бирж хувьчлагдсанаар төрийн өмчит бусад компанийн хувьчлал идэвхжих суурь тавигдана гэж ойлгож болох уу?

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийн  дагуу төрийн өмчит 25 компанийн 34 хүртэлх хувийг олон нийтэд санал болгон худалдаж нээлттэй компани болгохоор тусгасан. Энэхүү бодлого, шийдвэрүүдийн хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь төрийн өмчит бусад компаниудыг түүчээлэн хамгийн эхэнд нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээний нэмэлт хувьцааг гаргаж, биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй санал болгон худалдахаар СЗХ-ноос зөвшөөрлөө аваад байна. Удахгүй олон нийтээс захиалгаа авч эхэлнэ.

Олон улсын жишигт хөрөнгийн биржүүд хувийн эсвэл нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэй байдаг. 100 хувь төрийн өмчит бирж бараг байхгүй. Бид биржийн IPO-г амжилттай хийж, төрийн өмчит бусад компаниудад жишиг болгохоор ажиллаж байна.

- Үнэлгээний хувьд ямар шалгуураар яаж тогтоосон бэ?

Бизнесийн үнэлгээний аргачлалаар ирээдүйд олох орлого, зарлагын төсөөлөлд үндэслэн тогтоосон. МХБ-ийн хувьд зах зээлийн хөгжлийг дэмжихийн тулд арилжааны шимтгэл, хураамжаа бууруулах замаар арилжааны эргэлтийг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлснээр бий болох орлогын төсөөлөл, болон хөрөнгө оруулалтуудын зардлуудыг бодитоор төлөвлөсөн. Ийнхүү Биржийн 2023-2027 оны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэснээр нэгж хувьцааны бодит үнэ цэн 104.8 төгрөг болж байгаа. Бид хувьцааныхаа үнийг 4.8 хувиар хямдруулан 100 төгрөгөөр олон нийтэд санал болгож байна.

- Хөрөнгийн бирж хувьчлагдсанаар гарах эхний давуу талуудыг онцлооч?

Хөрөнгийн бирж олон нийтийн компани болсноор үйл ажиллагааны төрлөө нэмэгдүүлж, орлогын үндсэн сегмент болох арилжааны шимтгэлээ бууруулах боломж бүрдэнэ.  

- Төрийн өмчит компаниудын хувьчлал илт идэвхжээд ирвэл эдийн засагт ямар эерэг нөлөөнүүд ажиглагдах бол?

Төрийн өмчит компаниудыг нээлттэй компани болгосноор тухайн компаниудын засаглал, ил тод байдал сайжирч, эдүгээ нийгэмд шүүмжлэл дагуулаад байгаа төрийн өмчит компаниудтай холбоотой авлигал, хээл хахуулийн асуудал цэгцэрнэ гэж харж байна. Ингэснээр эдийн засагт өгөх үр өгөөж нь сайжрах ач холбогдолтой.  

- Уул уурхайн салбарын тухайд бирж байгуулаад нүүрс, зэс гэх мэт эрдэс баялгаа биржээр дамжуулж арилжаалбал нүүрсний хулгай гэх мэт элдэв асуудал гарахгүй гэж салбарынхан онцолдог. Уул уурхай, хөдөө аж ахуй гэх мэт эдийн засгийн гол салбарууддаа төрөлжсөн бирж идэвхтэй ажиллуулах тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

Уул уурхайн бүтээгдэхүүнийг бусад улсуудын жишгийн дагуу нээлттэй  биржээр арилжаалах нь экспортын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтойгоос гадна уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан үүсмэл үнэт цаасны зах зээл хөгжиж, үүнийг дагаад хөрөнгийн зах зээл дагаж  хөгжих чухал ач холбогдолтой.

Өнгөрсөн 7 хоногт Засгийн газрын хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас боловсруулсан “Экспортын нүүрсийг цахимаар нээлттэй арилжих журам”-ыг баталсан. Энэхүү журмын дагуу “Уул уурхайн биржийн тухай хууль” батлагдах хүртэл экспортын нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй арилжих юм. Бирж шинээр байгуулна гэдэг нь хөрөнгө хүч, цаг хугацаа асар их шаардах ажил. Иймд уул уурхайн биржийг Улсын төсвөөс зардал, чирэгдэл гаргахгүйгээр богино цаг хугацаанд Монголын хөрөнгийн биржид тулгуурлан байгуулах бүрэн боломжтой гэдгийг бид онцолмоор байна.

- Хөрөнгийн биржийн хувьчлалтай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг манай уншигчдад өгөөч?

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг 2022.12.26-30-ны хооронд хүлээн авахаар төлөвлөж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар хөрөнгийн биржийн хувьцааг улс төрд нөлөө бүхий этгээд, түүний хамаарал бүхий этгээд, түүнчлэн аливаа нэг этгээд 5 болон түүнээс дээш хувийг эзэмших боломжгүй. Үүнээс бусад бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэд биржийн хувьцааг худалдан авах боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.