Хүний эрхийн хуульч А.Пүрэвдуламтай ярилцлаа.
- Арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн нүүрсний хулгайчдын нэрсийг зарла гэх уриатай жагсаал дээр бага насны хүүхдээ дагуулан ирсэн эцэг эхчүүд цөөнгүй байсан. Эдгээр эцэг эхчүүд хүүхдийнхээ ямар эрхийг зөрчиж байна вэ?
- Бага насны болон нярай хүүхдүүдийг ихэвчлэн авч ирсэн харагдсан.
Хуульч хүний хувьд эмзэг санагдсан хоёр зүйл ажиглагдсан. Монголд Хүүхдийн эрхийг хамгаалах хууль гэж бий. Хүүхдийн эрхийн конвенцтой нийцүүлээд гаргасан хууль байгаа. Хүүхэд ямар ч тохиолдолд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүн бүр тэгш эрхтэй гэж явдаг.
Гэхдээ хүүхдийн насны онцлогоос хамаараад, хүүхдийг эрсдэлд оруулахгүй байх нөхцөлд үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Бага насны буюу нярай хүүхдүүдийн хувьд тийм нөхцөл байдал байхгүй.
Хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, бусад эрсдэлтэй хүчин зүйлүүдээс эцэг эх, асран халамжлагчид хариуцлага хүлээх ёстой. Тийм насны хүүхдүүд тэрхүү үйлдлийг эсэргүүцэх чадамжгүй.
Хүсэл зоригоо илэрхийлж чадахгүй тэдгээр хүүхдүүдийг жагсаал цуглаан, ялангуяа улс төрийн эрсдэлтэй хүчин зүйлд оруулж, үзэл бодлоо илэрхийлэх арга хэрэгсэл болгож байгаа нь хууль бус гэж үзэж байна.
Хуульдаа хүүхдийг үл хайхрах гэж бий. Хүүхдийн хөдөлмөрийг мөлжих гэж бий. Ямар ч тохиолдолд хүүхдийг өөрсдийн хүсэл зоригоос үл хамааран. үл хайхрах мөлжих байдлаар ашиглаж болохгүй. Халдашгүй байдал. хувийн орон зай. хамгаалуулах эрхэд нь ноцтойгоор халдаж байна. Яагаад гэвэл хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүй. Түүнийгээ илэрхийлэх чадваргүй байгааг нь далимдуулж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх, үзэл санааны хэрэгсүүр болгож байна.
- Үүний эсрэг ямар арга хэмжээ авах ёстой вэ?
- Хүний эрхийн үндэсний комисс, хүүхдийн эрхийг хамгаалах зохих шатны байгууллагууд, төрийн зүгээс үүн дээр анхааруулах юм уу, зохих арга хэмжээг авч, олон нийтэд анхааруулга гаргахгүй бол цаашид хүүхдийн эрхийг зөрчдөг энэ мэт үйлдлүүд удаа дараа гарах эрсдэлтэй нөхцөл байдал бүрдэнэ. Ийм жишгийг тогтоож болохгүй.
- Эцэг эх, асран хамгаалагчид ийм тохиолдолд ямар хариуцлага хүлээх ёстой вэ?
- Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 2016 онд батлагдсан. Энэ хуульд эцэг эх. асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн үүргүүдийг нарийн тодорхой зааж өгсөн. Тэдгээр үүргийг зөрчсөн тохиолдолд хуулийн ямар хариуцлагыг хүлээх ёстойг ч мөн зааж өгсөн байгаа. Тухайн заалтын дагуу эцэг эх, асран хамгаалагчид хариуцлага хүлээнэ.
- Хэвлэл мэдээллийн байгууллагууд хүүхдүүдээс ярилцлага, мэдээлэл авахдаа яаж авах ёстой вэ?
- 18-аас доош насны хүүхэд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэхэд насны онцлогт тохирсон зүйлүүд байгаа. Үүнийг эцэг эх, асран хамгаалагчид, хэвлэл мэдээллийн байгууллага ч гэсэн мэдэх ёстой.
Өөрсдийнх нь насны онцлогт тохирсон ярилцлага мэдээллийг авахгүй бол насны онцлогоосоо хамаараад үзэл бодлоо илэрхийлэхэд учир дутагдалтай байдаг. Хүүхдийн эрхийг хамгаалах асуудал бол өөр хэрэг. Гэтэл улс төрийн үйл явцтай эрсдэлтэй энэ үед хүүхдээс асуулт асууна гэдэг тохиромжгүй үйлдэл шиг харагдаад байгаа.
- Бага насны хүүхдийг идэр ес эхлэх гэж байгаа энэ хүйтэн нөхцөлд гадаа хэт удаан байлгах, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгсүүр болгож байгаад тухайн эцэг эх, асран хамгаалагчид хууль эрх зүйн хариуцлага гэж зүйл бий юү?
- Хариуцлага хүлээлгэх гэхээсээ илүү цагдаагийн байгууллага, хууль хүчнийхэн түүнийг анхааруулах ёстой. Зөвлөмж хүргүүлээд анхааруулга өгнө. Тэдгээр хүмүүс мэдэхгүй ч юм уу, хүүхдээ ямар эрсдэлтэй нөхцөл байдал руу дагуулж очиж байгаагаа мэддэггүй. Эсвэл хууль. эрх зүйн ямар хариуцлага хүлээдэг зэргийг мэдэхгүй. ухамсарлаагүй байж болно.
Энэ нөхцөлд цагдаагийн байгууллага зөвлөмж хүргүүлэх юм уу, анхааруулж, ажиглаж ажиллах ёстой.
Анхааруулсаар, зөвлөмж хүргүүлсээр байхад хүүхдийг өөрийнх хүсэл зоригийн эсрэг жагсаал цуглаанд үзэл бодлоо илэрхийлэх, арга хэрэгсүүр болгох юм бол Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болоод бусад Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хүүхдийн хөдөлмөрийг зүй бусаар мөлжих, эрүүл аюулгүй орчин амьдруулах. эрсдэлтэй нөхцөл байдлаас хамгаалаагүй, эрүүл мэндэд санаатайгаар халдах зэрэг асуудал үүссэн бол эдгээр нөхцөл байдлаас хамааран эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!