Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Нүүрсний хулгайн асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байна. Богино хугацаанд ил тод болгож, олон нийтэд мэдээлнэ"

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

Тэрбээр "6.4 сая тонн нүүрс алдагдсан гэдэг мэдээлэл өнөөдрийн байдлаар Засгийн газарт ирээгүй байна. Энэ нь бодит тоо эсэхэд эргэлзэж байгаа. Ийм их хэмжээний мөнгөн дүнтэй их хэмжээний нүүрс хулгайлагдаж гарна гэдэг ойлголт бодит байдал дээр дэгсдүүлсэн тоо гэж харагдахаар байна. Цар тахлын үед бүтэн жилд улсын хилээр гарсан нийт нүүрсний хэмжээ 6-7 сая тонн нүүрс хэмээн яригддаг. Гэтэл ийм хэмжээний нүүрс хулгайд алдагдаж гарсан эсэхэд эргэлзээ байна. 

УИХ-аас гарсан ажлын хэсэг, хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж байна. Мөн Засгийн газар давхар хяналт шалгалт явуулж байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Ерөнхий сайдад Улсын ерөнхий прокуророос албан хүсэлт ирсэн. Тодруулбал, хоёр улсын прокурорын байгууллагууд Монгол Улсаас гарч байгаа нүүрсний гаалийн мэдүүлэг, БНХАУ руу орсон нүүрсний гаалийн мэдүүлэг хоёрыг тулган нягтлах үйл ажиллагааг хамтарч хэрэгжүүлэх саналтай байна. Үүнийг Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллаач гэх албан хүсэлт ирсэн. Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд саналыг уншиж танилцуулаад, Засгийн газраас дэмжиж ажиллахыг асуудал эрхэлсэн зургаан сайдад үүрэг болгосон" гэдгийг хэллээ. 

Мөн "Нүүрсний хулгайтай холбоотой хоёр асуудал бий. Нэгт, нүүрсний хулгай гэдэг асуудал 2017 оноос хойш яригдаж байгааг та бүхэн мэднэ. "Эрдэнэс Тавантолгой" компани орон нутгийн "Тавантолгой" компанийн хооронд зөрүү үүссэн. Үүнийг дагаад их хэмжээний нүүрс алдагдсан байх эрсдэл үүсжээ. Энэ нүүрс ямар арга замаар алдагдав гэдэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд орсон. Хууль хяналтын байгууллагууд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Үүний ул мөрөөр ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх нэгж дээр нүүрсний хулгайн асуудал шалгагдаж байгаа ба асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байна.

Хоёрт, нүүрсний тээвэртэй холбоотой үүсэж буй олон нийтийн дунд үүссэн эргэлзээ байна. Улс төрчид тээврийн үйл ажиллагааг эрхэлж байна гэдэгтэй холбоотой янз бүрийн хардалт сэрдэлт гарч ирж байна. Үүнийг богино хугацаанд ил тод болгож, олон нийтэд мэдээлэх ажил явагдаж байна. Нөгөө талдаа дугаар нь өөрчлөгдсөн, хоосон гэж мэдүүлсэн хэрнээ нүүрс ачиж гарсан асуудал хүртэл үүнийг дагаад бий болж байгаа. Уг асуудалтай холбоотой хяналт шалгалтын үйл ажиллагаа хууль хяналтын байгууллагуудад явагдаж байгаа.

Улс төрчдийн зүгээс гааль болон холбогдох хил орчимд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын оролцоотой хийгдсэн гэх хардалтууд их яригддаг. Энийг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдвэрлэсний үндсэнд шийдэгдэх байх гэж Засгийн газрын зүгээс харж байна.

Ерөнхийдөө улс орны хувьд стратегийн ач холбогдолтой бүтээн байгууллагуудад хөрөнгө оруулалт хийгдэж яваа. Энэ дунд давхардсан нүүрсний хулгайн асуудал байна уу үгүй юу гэдэг асуудлаар засгийн газрын зүгээс, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийн дүнг харна" хэмээн хэллээ.