Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Европ тивд хар тамхи нийлүүлдэг “супер картель”-ыг зургаан улс хамтран илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Европ тивийн кокаины нийлүүлэлтийн гуравны нэгийг дангаараа хангадаг “супер картель”-ыг зургаан улсын хууль сахиулагчид хамтран илрүүлснийг Европол байгууллага Даваа гарагт зарлажээ.

Арван нэгдүгээр сарын 8-19-ны хооронд Европын орнууд болон Арабын Нэгдсэн Эмират Улсад явуулсан ажиллагааны үеэр нийт 49 сэжигтнийг баривчилсан байна.

“Operation Desert Light” нэртэй уг ажиллагаа нууц гэмт хэргийн сүлжээний төв удирдлага, түгээх дэд бүтцийг илрүүлэх зорилготой байсныг Интерпол мэдээлжээ.

Ажиллагааны үеэр Испани, Франц, Бельги, Нидерланд, АНЭУ-ын нутаг дэвсгэрээс нийтдээ 30 гаруй тонн кокаин илрүүлсэн байна. Энэ нь өнөөдрийг хүртэл Европ тивээс илрүүлж байсан хамгийн их хэмжээтэйгээс гадна хамгийн цэвэр найрлагатай, хамгийн хямд үнэтэй кокаин байсныг мэргэжилтнүүд онцолжээ.

АНУ-ын хар тамхитай тэмцэх байгууллага DEA мөнгө угаалтын сүлжээг илрүүлэхэд нь Европын хууль сахиулагчидтай хамтарч ажилласан байна.

Сэжигтнүүдийн ихэнхийг Нидерланд улсаас, гол толгойлогчдыг нь АНЭУ-ын Дубай хотоос баривчилсныг Интерполын мэдэгдэлд дурдсан байна.

Сүүлийн жилүүдэд Европын орнуудад хууль бусаар нэвтрүүлсэн кокаины хэмжээ тогтмол нэмэгдэж байгаа. Тухайлбал 2020 онд нийт 214 тонн ийм төрлийн мансууруулах бодис илрүүлж байжээ. 2022 онд энэ хэмжээ 300 тоннд хүрэх магадлалтайг Европын Хар Тамхи, Хар Тамхины Донтолтын Хяналтын төв мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press