Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нанжаа, Б.Жигжид нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв

ikon.mn
2022 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, улс орон, ард иргэдийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангах үйлсэд хичээл зүтгэл, гарамгай амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.

Энэ өдөр хоёр эрхэмд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Дашзэвэгийн Нанжаа

(“Эрчим төсөл” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан)

Д.Нанжаа нь эрчим хүчний салбарт тасралтгүй 60 гаруй жил тогтвортой ажиллаж буй.

Энэ хугацаад 30 гаруй дэд станц, трансформаторын өртөөг байгуулахад идэвх санаачилгатай оролцож, Тосонцэнгэл, Богдын гол, Завханы Галуутай гол, Тайширын усан цахилгаан станц, III, IV Дулааны цахилгаан станцын өргөтгөл болон Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станц зэрэг 60 гаруй объектын зураг төслийг боловсруулахад зөвлөхөөр ажилласан байна.

Мөн алслагдсан аймгуудыг дизель цахилгаан үүсгүүрийн эрчим хүчээр хангах ажлыг гардан хэрэгжүүлэхдээ тоног төхөөрөмжийн суурилуулалт, тохируулгыг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэж, богино залгааны гүйдлийн тооцооны загвар төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлэн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулжээ.

Түүнчлэн идлэг шонхор болон нүүдлийн шувуудыг хамгаалах 6, 10 Кв-ын агаарын шугамуудын хэрэгслийг зохион бүтээж суурьшуулан нэн ховор шувуудын зүй бус хорогдлыг бууруулж, олон арван эрчим хүчний шугам сүлжээ, цахилгаан станц, барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийн өргөтгөл, шинэчлэлийн зураг төслийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулан барьж байгуулан, ашиглалтад оруулахад гар бие оролцож, Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Бямбын Жигжид

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

(Дэд бүтцийн сайд асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан)

Бямбын Жигжид нь ээлжийн диспетчерээс ажлын гараагаа эхэлж, салбарын сайд хүртэл дэвшин, дэд бүтцийн салбарт 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулжээ. 

Тэрбээр “Мянганы зам”, “Эрчим хүчний нэгдсэн систем”, “Монголын холбоо, мэдээллийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги”, “100 мянган нарны гэрэл” зэрэг богино, дунд, урт хугацааны томоохон төсөл, хөтөлбөр санаачлан, удирдан хэрэгжүүлсэн.

Үүний зэрэгцээ Тайшир, Дөргөний усан цахилгаан станц байгуулах, баруун бүсийг эрчим хүчний төвлөрсөн системд холбох, малчид, алслагдсан газарт ажиллаж амьдарч байгаа иргэдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, төв суурин газруудыг авто замаар холбох ажлыг амжилттай удирдан эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй үед үндэсний авто замын сүлжээг өргөжүүлэх ажлыг санаачлан эхлүүлсэн байна.

Мөн 21 аймгийг холбосон холбоо мэдээллийн хурдны сүлжээ бий болгож, орон нутагт телевиз, ФМ радиогийн олон суваг, үүрэн холбооны сүлжээ барьж байгуулах ажлыг зохион байгуулсан, Нийслэлийн цэвэр усны найдвартай эх үүсвэр бий болгох, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд, Өвөрхангай зэрэг аймагт төвлөрсөн усан хангамж, цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж байгуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулсан тул Хөдөлмөрийн баатар цол хүртээв.