Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Доржготов: Хувь заяагаар учирсан Монгол нутаг орноо хайрлан хүндэлж, унаган дагшнаар нь авч яваарай

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан академич Д.Доржготовт "Чингис хаан" одон хүртээлээ. 

Академич Д.Доржготов нь Их эзэн Чингис хааны монгол түмэнд өвлүүлэн үлдээсэн газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийн, хээрийн шинжилгээний ажил зохион байгуулж, хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, хими-физикийн шинж, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, судалгааны бүтээл туурвижээ.

Мөн Монгол орныхоо хөрсний бүх хэв шинж, төрөл зүйлийг ангилан тодорхойлж, тэдгээрийн нөөцийг тооцоолон гаргах арга зүйг боловсруулан баталгаажуулж, экосистемүүдийн хэмжээнд үнэлэн хамгаалах шинжлэх ухааны мэдлэг бий болгон, Монгол орны анхны хөрсний зураг болон анхны сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, хөрс судлалын шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан, эх орныхоо нутаг дэвсгэр, байгалийн нөхцөл, нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, нийгэм, эдийн засгийн талаарх бүхий л мэдээллийг багтаасан эрдэм шинжилгээний иж бүрэн зураг зүйн  суурь бүтээл болох 16 сэдэвчилсэн бүлэг бүхий 300 орчим газрын зураг, схем бүхий анхны үндэсний атлас болох “БНМАУ-ын Үндэсний атлас”-ыг хэвлүүлэн гарган, удаа дараа шинэчлэн боловсруулж, хөрс шороо, цаг уур, байгаль орчин судлал болон шинжлэх ухааны хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсан тул түүний гавьяа зүтгэлийн ийнхүү төр үнэлж байгаа юм. 

"Чингис хаан" одонт Д.Доржготов "Хөрс судлалын шинжлэх ухаанд олон жил хүчин зүтгэж яваа миний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндөр үнэлсэнд чин сэтгэлээсээ талархаж, цээж дүүрэн баяртай байна. Шинжлэх ухаан, технологи нь аливаа улс орны урт хугацааны тогтвортой хөгжлийн баталгаа, эрчимтэй хөгжлийн тулгуур хөшүүрэг, хөдөлгүүр болсон өнөө үед төрөөс энэхүү эрхэм дээд шагналаа эх орны олон зуун эрдэмтэн судлаачийн төлөөлөл надад олгосон нь шинжлэх ухааны салбарт өгч буй өндөр үнэлгээ, том итгэл, гүн хүндэтгэл хэмээн ойлгож байна. 

Монголчууд бидний ихэс дээдсийн ариун голомт Бурхан Халдун хайрхан, гурван мөрний сав нутагт өсөж торнин, ертөнц дахинаа гайхагдсан Эзэн Чингис хааны цогцлоон байгуулсан аугаа Их эзэнт гүрэн нь түүх, уул ус, газар нутаг, сав шимийн ертөнцтэйгөө салшгүй холбоотой билээ. 

Монголын нууц товчоонд өгүүлсэнчлэн хөрст газар хөрвөж, хөвчин дэлхий дайтаж байх цаг дор Эзэн Чингис хаан усны тунгалаг, өвсний соргог, уулын өндөр, талын уудмыг шүтэн эзэмшиж, нүүдлийн иргэншлийн түүхэн дээд, хамгийн хүчирхэг Эзэнт гүрнийг байгуулсан чинадын утга учир нь Монгол орны минь байгаль цаг уур, говь хангай, тал хээр хосолсон үржил шимт хөрс бүхий газар нутагт минь оршиж байжээ. 

Тиймээс газар нутгийн онцлог, нэршил нэрийдэл, хөрс шороо, ургамал амьтан, гадаргын хийгээд газрын доорх хэвийн баялаг бүгд эх түүхийн нэгэн суурь болохын учир түүхэн дэх газрын хүчин зүйлийг эрдэмтэд ихэд анхаарч, тал бүрээс нь судалж ирсэн түүхтэй. 

Газар зүйн судалгаа бол улс орны тусгаар тогтнол, ашид оршихын баталгаа гэдгийг манай үе үеийн судлаачид гүнээ ухамсарлаж, эх орондоо газар зүйн шинжлэх ухааны бүхий л салбарыг хөгжүүлэхийн төлөө 98 жил цуцалтгүй хөдөлмөрлөж ирсний сүүлийн 60 гаруй жилд нь өөрийн өчүүхэн ч болов хувь нэмрийг оруулсандаа би баяртай байна. Хамт олон, хамтран зүтгэгчдээрээ ихэд бахархаж байгаагаа илэрхийлье.  

Энэ хугацаанд судлаач нөхдийнхөө хамтаар эх орныхоо нутаг дэвсгэр, байгалийн нөхцөл, нөөц баялаг, хүн ам, түүх соёл, нийгэм эдийн засгийн талаарх бүхий л мэдээллийг багтаасан шинжлэх ухаан, зураг зүйн бүрэн хэмжээний лавлах Монгол Улсын үндэсний атласыг гурван удаа боловсруулан нийтлүүллээ. 

Монголын төр, түмэн олон минь хувь заяагаар учирсан хөрст энэ Монгол нутаг орноо үеийн үед, ургийн урагт хайрлан хүндэлж, бишрэн дээдэлж, унаган дагшнаар нь авч яваарай хэмээн өвгөн эрдэмтэн ах нь уламжилж байна" гэлээ. 

Мөн тэрбээр гэр бүл, хамтран зүтгэгчдэдээ, шавь нартаа талархлаа илэрхийлсэн юм.