АНУ-ын хоёр гол намын 16 сенатор өчигдөр ерөнхийлөгч Жо Байденд хандан уриалга гаргажээ.
Тэд Украины хүсэж буй “Gray Eagle” дроныг нийлүүлэх талаар байр сууриа эргэж харахыг Байдены засаг захиргаанд уриалсан байна.
Орчин үеийн технологитой “Gray Eagle” дрон нь 8,800 хүртэл метрийн өндөрт 24 цаг гаруй хугацаанд тасралтгүй нисэх чадвартай техник юм.
Гэвч ийм дроныг Оросын тал унагавал технологийн нууцаа алдах, бас мөргөлдөөнийг хурцатгах эрсдэлээс болгоомжилж Украины хэд хэдэн удаагийн хүсэлтэд Байден татгалзаж байжээ.
Оросын тал Иранаас авсан камиказе дроноор Украины иргэний байгууламжуудад халдаж, ихээхэн хохирол учруулж буй тул Киевийн эрх баригчид илүү хүчирхэг техник нийлүүлэхийг Вашингтоноос хүссээр байгаа юм.
Сенаторууд захидалдаа АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остинд арваннэгдүгээр сарын 30-наас өмнө ямар үндэслэлээр “Gray Eagle” дроныг Украинд нийлүүлэхээс татгалзаж байгаагаа тодорхой тайлбарлахыг хүссэн байна.
Эх сурвалж: Aljazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!