Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүр орчимд байршдаг том оврын автомашинуудыг чөлөөлж, ирэх хавраас тохижилтын ажлыг хийхээр болжээ.
Энэ талаар Баянгол дүүргийн менежер Ж.Баатар "Гурвалжингийн гүүрний урд хэсэгт том оврын машин, механизмаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг иргэд, ААН-үүд төвлөрсөн "Тэхийн зогсоол" нэртэй газар байдаг.
2024 оны 11 дүгээр сарын 4-ний шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын зүгээс тус газар дээрх том оврын машин, механизмыг цэгцлэх үүрэг өгсөн юм. Энэ дагуу Баянгол дүүргийн Засаг даргын захирамж гарч, тухайн байршилд том оврын машин, механизмын түрээсийн үйлчилгээ эрхэлдэг иргэд, ААН-үүдтэй уулзаж тохиролцон газрын зөрчил арилгуулах, иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлэх, хөрс, агаарын бохирдол үүсдэг байсныг болиулсан. Өөрөөр хэлбэл Гурвалжингийн гүүр дагуу том бетонууд тавьж, машин механизмыг зогсоохгүйгээр газрыг чөлөөлсөн юм.
Ирэх жил энэ хэсэгт дүүрэг, нийслэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авто зам, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, ногоон байгууламжийн чиглэлээр тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Гурвалжингийн гүүрнээс баруун тийш Эрчим хүчний гудамжны замыг дөрвөн эгнээ болгох юм.
Тэхийн зогсоолын том оврын машин, механизмаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг иргэд, ААН-үүдийг 22-ын товчооны Авто худалдааны төвийн гадаах байршилд шилжүүлж, тэдний техник, механизмыг өдрийн 5,000 төгрөгийн төлбөртэйгөөр харуул хамгаалалттай байлгах зохицуулалтыг хийхээр шийдвэрлэсэн.
Ирэх хавар Гурвалжингийн гүүрний орчимд техник, том оврын машин, механизмын түрээсийн үйлчилгээ үзүүлэхгүй гэж ойлгох нь зүйтэй" гэж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!