УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг хэлэлцэж, нэр дэвшигчдийн танилцуулгыг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ш.Түвдэндорж нар танилцууллаа.
Хуулийн дагуу Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Улсын Дээд шүүхийн шүүгчдийн 62 хувийн санал авсан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Д.Солонго, 53 хувийн санал авсан “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын дарга Ш.Цогтоо нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлснийг өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд зуун хувийн саналаар дэмжсэн юм. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Б.Пүрэвням, Ц.Сарантуяа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн.
Ингээд байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж, санал хураалт явуулсан юм.
Нэр дэвшигч Ш.Цогтоо 84.3 хувь, Д.Солонго 87.8 хувийн саналаар дэмжигдэж Үндсэн хуулийн цэцийн гишүүн боллоо.
Харин бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Б.Пүрэвням, Ц.Сарантуяа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөллөө.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшсэн Д.Солонго 55 настай, 1966-1976 онд нийслэлийн 10 жилийн 21 дүгээр дунд сургууль, 1977-1983 онд ЗХУ-ын Москвагийн их сургуулийн хууль зүйн факультет, 1979-1980 онд Москвагийн их сургуулийн дэргэдэх Улс төрийн их сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор, дэд профессор цолтой.
Тэрээр 1983 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2000 оноос мөн сургуулийн Эрдмийн зөвлөлд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2007 оноос Төрийн захиргааны эрх зүйн тэнхмийн эрхлэгч, 2011 оноос захирлаар ажиллаж байгаа.
Харин нэр дэвшигч Ш.Цогтоо 59 настай, 1975 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 10 жилийн сургууль, 1976-1981 онд ЗХУ-ын Воронежийн их сургуулийн хуулийн анги, 1985 онд Москвагийн хуулийн удирдах ажилтны дээд курс, 1986-1988 онд Намын дээд сургуулийн захиргааны анги төгссөн, хуульч, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор, профессор цолтой.
Тэрээр 1981-1986 онд Сүхбаатар аймгийн гүйцэтгэх захиргаанд хуулийн зөвлөх, ахлах зөвлөх, хуулийн хэлтсийн дарга, 1988-1992 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд референт, 1992-1996 онд Монгол Улсын их сургууль, Удирдлагын академид багш, ахлах багш, тэнхмийн орлогч эрхлэгч, 1996-2001 онд Гаалийн ерөнхий газрын дэд дарга, 2002-2013 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд Төрийн захиргааны эрх зүйн тэнхмийн профессор, 2013 оноос “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!