Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Цаазын ялын талаар зохисгүй зүйл ярьсан Япон улсын хууль зүйн сайд огцорлоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Япон улсын хууль зүйн сайд огцрох хүсэлтээ гаргасан нь цаазын ялын талаар түүний хэлсэн зохисгүй үг хэвлэлд нийтлэгдсэнтэй холбоотой байлаа.

Ингэснээр ерөнхий сайд Фүмио Кишидагийн нэр хүнд унах бас нэг шалтгаан болж байна. Түүний рэйтинг сүүлийн үеийн судалгаагаар 30 орчим хувьд хүрсэн нь маш доогуур үзүүлэлт юм.

Хууль зүйн сайд Ясүхиро Ханаши өөрийн хашиж буй албан тушаалыг цаазын ялын тогтоолд гарын үсэг зурсан тухай мэдээнд нэр нь дурдагдахаас өөр давуу тал байхгүй, улс төрийн хувьд ашиггүй албан тушаал гэж ярьсан тухай саяхан хэвлэлд мэдээлж байжээ.

Ингэхдээ тэр цаазын тогтоолд гарын үсэг зурахыг “уйтгартай ажил” гэж тодорхойлсон байна.

Япон улс цаазын ялыг дүүжлэх аргаар гүйцэтгэдэг бөгөөд цаазын ялыг гүйцэтгэх өдрийн өглөө л ялтанд мэдэгддэг хатуу хуультай.

Ял гүйцэтгэх тогтоолд тухайн өдрийн өглөө хууль зүйн сайд гарын үсэг зурдаг байна.

Сайд хэлсэн үгнийхээ төлөө олон нийтэд нэлээд шүүмжлүүлсэн бөгөөд Пүрэв гарагт уучлал гуйсан юм. Гэвч энэ нь хангалтгүй байсан тул өчигдөр огцрох хүсэлтээ ерөнхий сайдад гаргажээ.

Түүний ажлыг хөдөө аж ахуйн сайд асан Кэн Сайто авах тухай хэвлэлүүд мэдээлсэн байна.

Ерөнхий сайд Кишидагийн нэр хүнд сүүлийн үед Мүүний шашин гэгддэг Эв нэгдлийн сүмтэй холбоотой дуулианы улмаас нэлээд унаад байгаа.

Ерөнхий сайд агсан Абэ Шинзог бусдын гарт амиа алдсанаас хойш эрх баригч Либерал Ардчилсан Намын олон улс төрч тус сүмтэй холбоотой нь тогтоогдсон юм. Аравдугаар сарын 24-нд эдийн засгийн сэргэлтийн сайд Дайширо Ямагива дээрх шашны байгууллагатай холбогдсон шалтгаанаар албан тушаалаасаа огцорч байв.

Дараа нь дотоод хэргийн сайд Минорү Терада улс төрийн санхүүжилттэй холбоотой бичиг баримтын дуулианы улмаас огцорсон юм.

Японы олон нийт Эв нэгдлийн сүмтэй холбоотой асуудалд шийдвэртэй арга хэмжээ авахгүй байгаа ерөнхий сайд Кишидаг шүүмжилж байна. Тэрбээр саяхан эдийн засгийг хямралаас хамгаалах төлөвлөгөөгөө танилцуулсан ч нэр хүндийг нь өсгөж чадаагүй юм.

 

Эх сурвалж: Reuters