ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

С.Анхбаяр: Монголд программ хангамжийн чанарын менежментийн ойлголт дутмаг байна

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 11 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Мэдээлэл технологийн салбарын хөгжил нь программ хангамжийн чанарын менежменттэй салшгүй холбоотой билээ. Тиймээс бид Software Quality Management буюу Программ хангамжийн Чанарын Менежмент ба түүний үнэ цэн, эрэлт хэрэгцээ сэдвээр Смарт Куалити компанийн гүйцэтгэх захирал С.Анхбаяртай ярилцлаа.

- Программ хангамжийн чанар гэхээр юуг хэлээд байна вэ? Бидний түгээмэл мэддэг гар утасны аппликейшн эсвэл вэбсайт гэдэгт хамаатай юу?

Тийм. Барилга барихад тодорхой шаардлага, стандартыг мөрдөж ажиллан түүний найдвартай байдал, чанарыг үнэлснээр эцэст нь ашиглалтад оруулдаг. Үүнтэй ижил процессыг бүх төрлийн аппликейшн дамжиж эцсийн хэрэглэгчдэд хүрдэг. Тэгэхээр нэг ёсондоо Программ хангамжийн чанарын менежмент гэдэг нь чанарын баталгаажуулалт, чанарын төлөвлөлт ба чанарын удирдлага зэрэг ойлголтуудыг шингээсэн цогц ойлголт юм. Үүний гол зорилго нь тодорхой төлөвлөгөөтэйгөөр стандарт үе шатны дагуу программ хангамжид тест хийж алдааг илрүүлэн, эрсдэлийг үнэлснээр хэвийн, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах үйл явцыг хэлээд байгаа юм.

Монголын зах зээлийн хувьд энэ нь сүүлийн 2, 3 жилд эрчээ авч буй харьцангуй шинэ ойлголт л доо. Зарим том байгууллагууд дотооддоо тестийн багтай байдаг ч яг манай Smart Quality шиг тестээр дагнасан мэдээлэл технологийн компани одоогоор байхгүй байна.

- Тэгэхээр түүнээс өмнө нь нээлтээ хийсэн Монгол аппликейшнүүдэд чанарын баталгаажуулалт хийгдээгүй гэсэн үг үү?

Яг ч тэгж ойлгож болохгүй. Мэдээж бүх аппликейшнүүдэд тест хийгдсэн байгаа. Харин гол асуудал нь хөгжүүлэгч компаниуд өөрсдөө тестээ хийдэг ба чанарын менежментийг хэрэгжүүлдэггүйд байгаа юм. Энгийнээр бол хүн ажил гүйцэтгээд түүнийгээ өөрөө шалгаж байна гэсэн үг. Тестийг гүйцэтгэгч хөгжүүлэгчээс хараат бус байх нь чухал бөгөөд чанарын инженер гэдэг мэргэжил нь хөгжүүлэгчээс үүрэг хариуцлага, мэдлэг, ур чадвараараа ялгаатай.

Нөгөө талдаа хөгжүүлэгч компани эсвэл хувь хүн хөлсөлж аппликейшн хийлгэж байгаа компаниуд бэлэн болсон аппликейшнийг хэрхэн хүлээж авах болон яг үнэхээр тэдний хүссэн бүтээгдэхүүн гар дээр нь ирсэн эсэхийг шалгахад хүндрэлтэй байдаг. Нүдээр харахад хэвийн ажиллаад байгаа юм шиг мөртлөө захиалагч талын бизнес шаардлага, техникийн шаардлагыг бүрэн хангаж чадаагүй байх эрсдэлтэй. Энэ асуудлыг стандарт процессын дагуу мэргэжлийн баг оновчтой тестийн аргачлалыг ашиглан шийдэх шаардлагатай.

- Мэргэжлийн баг, оновчтой тестийн арга гэхээр их нүсэр процесс шиг сонсогдож байна л даа. Тэгэхээр зөвхөн томоохон компаниуд чанарын удирдлагыг хэрэгжүүлдэг үү?

Энэ бол дан ганц компанийн үйл ажиллагаа эсвэл төслийн цар хүрээнээс шалтгаалах зүйл биш. Одоогоор том компаниуд чанарын баталгаажуулалтын үйлчилгээг гаднаас өндөр үнээр авч, жижиг дунд компаниуд хөгжүүлэгчдээр тест хийлгэдэг нь үнэн. Угтаа бол ямар компани ямар төсөл дээр ажиллаж байгаагаас үл хамаараад аливаа программ хангамж бизнесийн зорилго болон хэрэглэгчийн хүлээлтэд нийцэх нь гол зорилго шүү дээ. Тиймээс программ хангамжийн амьдралын мөчлөгт чанарын баталгаажуулалт гэх хэсэг зайлшгүй шаардлагатай юм л даа.

Харин үүний дутмаг байдлын цаад шалтгаан нь өөрөө программ хангамжийн чанарын менежмент Монголд шинэ ойлголт байгаад буюу чанарын баталгаажуулалтын инженерүүдийн нийлүүлэлт зах зээлд хангалтгүй байгаад оршиж байгаа юм.

зураг
 

- Чанарын менежментийг хэрэгжүүлэх нь байгууллагуудад ямар үнэ цэн, давуу талыг бий болгох вэ?

Олон улсад чанарын менежментийг хэрэгжүүлэх нь сонголт биш заавал байх ёстой зүйл байдаг л даа. Мэдээллийн технологийн аливаа компани тус ойлголтыг нэвтрүүлснээр гурван гол ашиг тусыг хүртдэг. Бүхий л аппликейшнүүдэд зорилтот хэрэглэгч гэж бий. Тиймээс хэрэглэгчдийн хүлээлтэд нийцэх аппликейшн бүтээх нь нэн тэргүүний зорилго.

Дундаж аппликейшнүүд анх нээлтээ хийсэн цагаасаа хойш 90 өдрийн дараа нийт хэрэглэгчдийнхээ 95 орчим хувийг алддаг гэсэн судалгаа бий. Энэ эрсдэлийг хаах гол гаргалгаа бол тасралтгүй хөгжүүлэлт, сайжруулалт шүү дээ. Харин хөгжүүлэгчид тестийн тусламжтайгаар 22 хувиар бага цагийг алдаа засахад зарцуулдаг. Юу гэхээр энэ нь хэрэглэгчдийн хүлээлтийг цаг алдалгүй мэдэрч түргэн хугацаанд оновчтой байдлаар шинэчлэл хийхэд тусалж байна гэсэн үг.

Түүнчлэн ямар нэг алдаа бизнес шаардлагыг гаргах үед илэрвэл түүнийг засах зардал нь дунджаар 100 ам.доллар, хөгжүүлэлтийн үед илэрвэл 700 ам.доллар, тестийн үед илэрвэл 1,500 ам.доллар бол хэрэглэгчийн гарт хүрсний дараа илэрвэл 10,000 ам.доллар зарцуулж тухайн алдааг засдаг. Маш том ялгаа байгаа биз? Учир нь тухайн бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчид очихдоо алдаатай болж таарвал өмнөх бүх процессыг дахин давтах шаардлага гардаг. Тэгэхээр нэг ёсондоо чанарын менежментийн бидэнд өгдөг гол гурван үнэ цэн нь нэг дүгээрт программ хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, хоёрт хэрэглэгчээ мэдэрч тасралтгүй хөгжүүлэлт сайжруулалт хийхэд цаг хугацааг хэмнэх, гуравт ирээдүйд учирч болох томоохон эрсдэлийг хааж санхүүгийн зардлыг бууруулах байдаг.

- Олон улсад чанарын менежментийн хэрэгжилт нь сонголт биш стандарт гэж байна шүү дээ. Тэгвэл мэдээлэл технологийн тус салбарын хөгжлийн дэлхийн жишиг ямар байдаг вэ? Ер нь чанарын менежмент, баталгаажуулалтын олон улсын зах зээл хэр том бэ?

Одоогоор программ хангамжийн чанарын менежментийн дэлхийн зах зээлийн багтаамж дангаараа 9.38 тэрбум ам.доллар байна. Энэ тоо цаашид 2030 оны байдлаар 20.66 тэрбум ам.доллар болж өсөх хандлагатай байна. Мөн чанарын менежментийн процесс ISO/IEC/IEEE/29119 стандартаар зохицуулагддаг ба үйл ажиллагааны түвшин нь TMMi Framework-оор хэмжигдэж байна.

Үүнээс гадна International Software Certifications Board, International Software Testing Certifications Board зэрэг олон улсын программ хангамжийн чанарын сертификатын зөвлөлүүдээс гаргасан CASQ, CAST, CTFL зэрэг чанарын баталгаажуулалтын инженерүүдэд зориулсан олон улсын стандартууд бий. Чанарын менежментийн хамгийн том хэрэглэгчид бол банк санхүү, эрүүл мэнд, тээвэр логистик, агаарын тээвэр, холбоо харилцаа болон видео тоглоомын салбарууд байдаг.

- Монгол залуус чанарын баталгаажуулалтын инженер мэргэжлээр гадаадын зах зээлд өрсөлдөх боломж бий юу? Тэд юу суралцах шаардлагатай вэ?

Дэлхийн аль ч өнцгөөс хөгжүүлэлтийн ажил хийх боломжтой байдагтай адил чанарын инженерүүд ч бас зайнаас ажиллаж болно. Google, Amazon, Tesla, Apple, Microsoft гээд ажиллах боломжтой компаниудын нэрийг ч дурдаж барахгүй байх. Тэд чадварлаг залуусыг эгнээндээ нэгтгэхдээ үргэлж таатай байдаг ба чамгүй их цалин амалдаг шүү дээ. Тиймээс Монгол залуус маань юун түрүүнд гадаад хэлээ сайтар сураад мэдээллийн технологийн салбарт сонирхолтой бол интернэт дэх материалуудыг судлахаас эхлээд тухайн чиглэлийн компанид ажиллах гээд суралцах боломж олон байгаа. Нэмээд хэлэхэд программ хангамжийн баталгаажуулалтын процессод олон төрлийн инженерүүд оролцдог. Одоо зах зээлд хамгийн их эрэлттэй байгаа мэргэжил нь тестийн автоматжуулалтын инженер тул залуустаа энэ чиглэлийг түлхүү судалж, суралцахыг санал болгомоор байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ТЭНЭГЛЭЛ
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.