Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөөх Газар (ШӨХТГ)-аас зах зээлд нийлүүлж буй шингэн сүүний хаяг шошгод хяналт шалгалт хийсэн байна.
Тодруулбал, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллажээ. Хуурай сүүг шингэн сүү гэж ойлгогдохуйц нэр хаяг өгсөн, хаяг шошгод А, В үнэлгээг зэрэг тусгасан зөрчлийг арилгуулах талаар ШӨХТГ-аас мэдээлэв.
Хяналт шалгалтын үр дүнгээр ХХААХҮЯ-нд холбогдох хууль, стандартын шаардлагыг хангуулж үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан шингэн сүүний хаяг шошгод дээрх сүүний оноосон нэр нь орц найрлагын хувьд зөрөөтэй байгааг арилгуулах, А, В тэмдэглэгээг зэрэг тусгаж хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй байхаар бодлогын түвшинд холбогдох арга хэмжээ авч, хэрэгжүүлж ажиллах саналыг хүргүүлжээ.
Мөн илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг ирүүлэхийг мэдэгдэж “Сүү” ХК, “АПУ дейри” ХХК, “Монфрэш” ХХК-д Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж ажилласан байна.
Тус компани нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба энэ оны тавдугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2022/0381 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих долдугаар сарын 7-ны өдрийн 490 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан байна.
“Сүү” ХК-ийн гомдолтой, ШӨХТГ-ын улсын ерөнхий байцаагчид холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2022/0381 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2022 оны долдугаар сарын 7-ны өдрийн 490 дүгээр магадлалтай захиргааны хэрэгт гаргасан гомдлыг 2022 оны аравдугаар сарын 04-ний өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан байна.
Иймд гурван шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн тус газрын албан шаардлагад тусгажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!