ОХУ-ын Буриадын Намсрайевын нэрэмжит Драмын эрдмийн театрын жүжигчид Монгол Улсад аялан тоглолт хийх талаар "Үндэсний мэдээллийн төв"-д өнөөдөр хэвлэлийн хурал хийв.
Энэ үеэр тэд Монголын Хүүхдийн ордонд гурван жүжиг, Соёлын төв өргөөнд гурван жүжиг тус тус толилуулах талаар мэдээллээ.
Буриад улсын Намсрайевын нэрэмжит Драмын эрдмийн театрын жүжигчид аравдугаар сарын 17-20-ныг хүртэл тоглолт зохион байгуулах аж. Буриадын Соёлын сайд Соёлмаа Дагаева "Буриадын театрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээр Монгол Улсад 44 жилийн дараа дахин ирж байна. Бид үзэгчдэдээ зориулан буриад хэлээр гурван жүжиг, орос хэлээр гурван жүжиг тус тус толилуулах юм" гэлээ.
МУСТА М.Түвшинхүү "Маршал Чойбалсангийн урилгаар 1943 онд Буриадын театрын хамт олон манай улсад бүрэн бүрэлдэхүүнээрээ айлчлан ирж, тоглосон. Үүнээс хойш уран бүтээлчид солилцоогоор хамтран ажиллаж ирсэн. Улмаар 1978 онд Буриадын академик театр бүрэн бүрэлдэхүүнээр ирсэн байдаг. Буриадын театрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээр ирж байгаа түүх 44 жилийн дараа дахин тохиож байна" гэдгийг хэлэв.
Мөн тэрбээр "Монголчууд маань "Алдарын есөн хором" хэмээх жүжгийг сайн мэдэх байх. Тус жүжигт 300 гаруй цэргийнхээ амь насыг авардаг баатрын талаар өгүүлдэг. Бодит явдлаас сэдэвлэсэн энэхүү жүжгийг Саян Жамбалов багш найруулсан.
Мөн Буриадын ам дамжиж ирсэн домог "Улей нутгийн охид" жүжгийг Соёлын төв өргөөний тайзнаа өнөөдөр тоглоно. "Үхэж ядсан хаан" бол абсурд төрлийн жүжиг юм. "Солонгост өнгөрүүлсэн хар өдрүүд" жүжгээр дамжуулан хүний нутагт зовлон, жаргалын талаар өгүүлнэ. Цахим орчинд хүүхдүүд хэт их автах үзэгдлийг бодитой, хөгжилтэйгөөр "Блогчин" жүжгээс үзэж болно. Эдгээр зургаан жүжгийг Буриадын жүжигчид тайзнаа тоглохоос гадна аравдугаар сарын 20-нд Буриадын театрын урын санд байдаг шилдэг жүжгүүдийн түүврийг үзэгчдэд толилуулна" хэмээн танилцуулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!